Ирэх тавдугаар сарын 16-26-нд Тайланд улсад зохиогдох Азийн 20 хүртэлх насны футзалын аварга шалгаруулах тэмцээний сугалаа өчигдөр /2017.03.30/ явагдлаа.
Азийн 21 улс оролцох тус тэмцээнд Монголын 20 хүртэлх насны шигшээ баг "D хэсэг"-т Иран, Киргиз, Хятад, Арабын Нэгдсэн Эмират гэсэн хүчирхэг багуудтай багтлаа. Манай шигшээтэй нэг хэсэгт орсон Арабын Нэгдсэн Эмират улс Азийн чансааг тэргүүлдэг бол Хятад тав, Иран наймдугаар байрт бичигддэг юм. Тэр дундаа Иран улс футзалын хөгжлөөрөө тивдээ төдийгүй дэлхийд дээгүүр бичигддэг. Гэхдээ Монголын футзалын шигшээ баг 2014 оны 11-р сард Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Азийн хүчирхэг улсуудтай эн тэнцүү тоглож, тивдээ өрсөлдөх чадвартай гэдгээ харуулсан. Тиймдээ ч 20 хүртэлх насны залуучуудын шигшээ баг байгуулагдан том зорилгын төлөө тууштай бэлтгэл хийсээр байгаа. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн сард Улаан-Үүд хотод зохиогдсон "Бат Супер лиг"-т оролцон туршилага судлаж, зургаадугаар байр эзлээд амжсан юм. Тийнхүү том сорилттой тулгарсан 20 хүртлэх залуучуудын шигшээ багт, нийт Монголчуудынхаа өмнөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
ЭХ СУРВАЛЖ: МХБХ