Улсын хэмжээнд 600 мянган өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 600 мянган өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлно

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил улс орон даяар өчигдрөөс эхлээд байна.

Судалгаа нь ирэх дөрөвдүгээр сарын 9-ний 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Судалгаанд 600 мянга гаруй өрхийг хамруулах бөгөөд 21 аймаг, 9 дүүрэгт бэлтгэгдсэн 2800 гаруй судлаач-тоологч айл өрхүүдээр ажиллаж байгаа аж.

Мөн судалгааг боловсруулах ажилд төрийн албан хаагчдын төлөөлөл 5100 хүний бүрэлдэхүүн ажиллаж буй юм байна.

Иргэдийн хувьд тоологч нь баталгаажсан үнэмлэхтэй эсэхийг шалгаж, гэр бүлийнхээ гишүүдийн баримт бичгийг бэлтгэж, өрхийн мэдээллээ үнэн зөвөөр өгөх шаардлагатай. Хэрэв иргэд асуумжид буруу буюу худлаа мэдээлэл өгвөл төрийн байгууллагуудын дундын мэдээллийн сангаас тулган нягталж тухайн өрхийн амьжиргааны түвшинг үнэн зөв тодорхойлоход анхаарч байгаа аж.

Төрийн бодлого үйл ажиллагаа, үйлчилгээ, тусламжийг хэрэгтэй хүмүүст нь зөв, хүртээмжтэй байлгахад энэхүү үйл ажиллагаа маш их ач холбогдолтой. Иймээс та баг, хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж судалгаанд хамрагдах өрхийн жагсаалтад багтсан эсэхээ нягтлуулах шаардлагатайг албаныхан тодотголоо.

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг судалгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хариуцан зохион байгуулж байгаа юм.

Онцлоход, Засгийн газар, түүний салбар яамдын үйлчилгээ, тусламжийг хүн амын зорилтот бүлэг рүү чиглүүлэн хэрэгжүүлэхэд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн баазад тулгуурладаг аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж