С.Эрдэнийн намд эв нэгдэл хайрлаач!

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийн намд эв нэгдэл хайрлаач!

-З.Энхболдыг С.Эрдэнээр сольсон энэхүү шинэчлэл Ардчилсан намын зорьж, хүсэж байсан шинэчлэл болж үнэндээ чадсангүй-

Улс төрийн голлох хоёр намын нэг болох Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд “өвдөг шороодсон”-оосоо хойш үнэт зүйл, үзэл баримтлалаа олж авах эрэлхийллийг өнгөрсөн найман сарын турш өрнүүлж байгаа билээ. Үүнийгээ шинэчлэл хэмээн тайлбарлаж буй ч үнэндээ тус намд өрнөж буй шүүмжлэл, өчигдрийн 22.00 цагаар дуусгавар болсон дотоод сонгуулийн үйл явц, өрнөл, үргэлжлэлийг харахад С.Эрдэнийн хэлж байгаачлан Ардчилсан нам бодлогын институци болон өөрчлөгдөхөд их хол байна.

Ингэж хэлэх шалтгаан нь С.Эрдэнийн өрнүүлж буй шинэчлэлд Ардчилсан намын 180 мянган гишүүний хэд нь, мөн энэ намын гишүүн бус ч үзэл санаа, үнэт зүйлийг нь дэмжсээр ирсэн олон мянган дэмжигчийнх нь хичнээн нь үүнд итгэн үнэмшсэн бэ гэдэгт байгаа юм.

Таван намын нэгдэл болсон Ардчилсан нам тарж бутрахын зааг дээр одоо ч байсаар байна. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд алдсан үнэт зүйл, хаясан үзэл баримтлалаа олж авах зорилготойгоор эхлүүлсэн тус намын шинэчлэл талаар өнгөрч, төрийн эрх мэдлийн гадна үлдсэн АН-ын фракциудын зөрчил, намын эрх мэдэл дээрээ хурцадсаар байгаа нь хэнд ч ил харагдаж буй ганц зовлон нь болжээ.

Өнгөн дээрээ үзэл баримтлалаа олж авах нэртэй Ардчилсан намын шинэчлэл цаана аль фракци эрх мэдэл дээр суух вэ гэсэн нөгөө хуучин зодооноосоо хальсангүй гэвэл бодит байдлаас хол зөрөхгүй биз.

Засаг барих эрх мэдлээ алдаж, “гудамжинд” гарсан Ардчилсан нам өнгөрсөн өвлөөс хойш хоёр ч удаа нам дотроо сунгаа явууллаа. Үндсэндээ намын даргаасаа гадна ҮБХ-ны гишүүд, аймаг, нийслэл, сум дүүргийн намын удирдлагуудаа сонгосноор Ардчилсан намын төлөвлөгөөт “шинэчлэл” 100 хувь явагдаж дууслаа гэх хэлж болно. Үндэсний бодлогын хорооны гишүүнд нийтдээ 511, Ардчилсан намын аймаг нийслэл, сум дүүргийн намын дарга нарын сонгуульд 54 хүн өрсөлдөх эрхээ С.Эрдэнэ даргаас авсан ч санал хураах өдрийн өмнө цөөнгүй хүнийг нэр дэвших эрхээс хассан нь энэ намд хэзээ ч эв нэгдэл бий болохгүйг харуулав. Наанаа фракцийн зовлонгоос ангижрахаа зарласан ч Ардчилсан намд фракцийн дарангуйлал үйлчилсээр байгаа нөхцөлд бодлогын нам болно гэдэг энэ байдлаараа бол ёстой үлгэрийн далай.

З.Энхболдыг С.Эрдэнээр сольсон энэхүү шинэчлэл Ардчилсан намын зорьж, хүсэж байсан шинэчлэл болж үнэндээ чадсангүй.

Жижиг даргын үг, үйлдлийг том биетэй дарга нь давтаад эхлэхээр өнгөрсөн найман сарын турш явуулсан шинэчлэлийн зорилгодоо үр дүн нь үнэндээ нийцэхгүй болчхож байгаа хэрэг.

Ардчилсан намын шинэчлэл анхнаасаа л шүүмжлэл дагуулж ирсэн. Намын даргад нэр дэвшигчдээсээ 250 сая төгрөгийн дэнчин нэхсэн өдрөөс эхлээд тус намд мөнгөтэй хүн эрх мэдэлтэй болно гэсэн шинэ дүрэм үйлчилж эхэлсэн гэвэл буруудахгүй биз. Тэр дүрмээрээ Үндэсний бодлогын хороо болон аймаг, нийслэл, сум дүүргийн удирдлагуудаа сонгох сонгуульд мөнгөний босго тавьснаар Ардчилсан намын шинэчлэл бодлогоор биш мөнгөөр явагдана гэдгийг давхар батлаад өгчихсөн юм. Намын дотоод эрх мэдлээ мөнгөөр үнэлж буй Ардчилсан нам төрийн албан тушаалыг мөнгөөр наймаалцахгүй гэсэн баталгаа харамсалтай нь одоогоор алга.

Ардчилсан нам атаманы нам боллоо гэсэн шүүмжлэл, гомдлыг эрүүлээр хүлээж авахгүй бол С.Эрдэнийн намд эмгэнэл илэрхийлэхэд хүрч магадгүй юм шүү.

Ардчилсан нам Монголын ардчиллыг өмчлөх, ардчиллаар овоглох дуртай. Гэвч, ҮБХ-ны сонгуулийн өмнөхөн гаргасан С.Эрдэнэ даргын шийдвэрийг харахад Ардчилсан намд ардчилал үгүй болжээ гэмээр. Ардчиллын тулгуур, үнэт зүйл бол хүний эрх, эрх чөлөө. Тэгвэл хүний эрхийн нэгээхэн хэсэг нь сонгох сонгогдох, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх юм. Энэ тухай Монголын Ардчилсан Үндсэн хуульд хүн сонгох, сонгогдох эрхтэй гээд тов тодорхой заачихсан.

Ардчилсан нам бол С.Эрдэнийн хувийн компани биш. Бүх гишүүдээсээ сонгогдсон дарга бүр том эрх мэдэлтэй гэсэн үг бүүр ч биш. Ардчилсан нам шинэ даргаа сонгосон болохоос шинэ хаанаа тодруулаагүй. Тэр утгаараа шүүхээс гэх буруутай нь тогтоогдоогүй, хуульд байхгүй шалтгаанаар бусдыг буруутгаж, сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байгаа нь өөрөө Монголын ардчиллыг хогтой нь хутгасан үйлдэл боллоо гэж харагдаж байна.

Чухам иймээс намын даргаар сонгогдсоноос хойш Ардчилсан нам атаманы гарт орлоо гэсэн жирийн гишүүдийнхээ шүүмжлэл, гомдлыг эрүүлээр хүлээж авахгүй бол С.Эрдэнийн намд эмгэнэл илэрхийлэхэд хүрнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж