Ким Жон Намын цогцсыг шилжүүлэн өглөө

Хуучирсан мэдээ: 2017.03.31-нд нийтлэгдсэн

Ким Жон Намын цогцсыг шилжүүлэн өглөө

Энэ оны хоёрдугаар сард Малайзын нийслэл Куала Лумпур хотын онгоцны буудалд бусдад хорлогдон амиа алдсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен уны эцэг нэгт ах Ким Жон Намын цогцсыг Хойд Солонгост шилжүүлэн өглөө. Энэ тухай Киодо агентлаг мэдээллээ.

Талийгаачийн цогцсыг шилжүүлэн өгөх талаар Малайзын талтай Хойд Солонгос яриа хэлэлцээ хийсний эцэст ийнхүү цогцсыг өчигдөр шилжүүлжээ. Хэлэлцээ хийсэн дипломат цогцсыг аван Куала Лумпураас Бээжин хүртэл онгоцоор ниссэн хэмээн мэдээлсэн байна.

Мөн Ким Жон Намын үхэлд холбоотой байж магадгүй хэмээн Малайзын талын сэжиглэж байсан Куала Лумпур дахь Хойд Солонгосын ЭСЯ-ны хоёр ажилтан мөн хамт нисчээ.

Ким Жон Нам хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала Лумпураас Макао нисэх гэж байгаад онгоцны буудалд хорлогдсон юм. Хоёр эмэгтэй түүний  нүүр рүү химийн хор шингээсэн зүйл цацсан бөгөөд энэ нь тархи, мэдрэлд нөлөөлдөг, олон улсад хэрэглэхийг хориглосон VX хор байсан. Энэ хорыг  үй олноор хөнөөх химийн зэвсэг хэмээн НҮБ зарласан юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж