АмЧам гишүүдийн хамт залуусын хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.04.03-нд нийтлэгдсэн

АмЧам гишүүдийн хамт залуусын хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийлээ

Монгол улс, Улаанбаатар хот – 2017 оны 4-р сарын 1-нд Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь хоёр дахь жилдээ нийгмийн хариуцлагын санаачилгын хүрээнд Монгол улсын их дээд сургуулиудын 100 оюутныг үнэ төлбөргүй сургалт, лекцэнд хамруулсан “АмЧамын Ментор Өдөрлөг 2017” арга хэмжээг Корпорэйт Зочид Буудал Энд Конвеншн Центр-т зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын их дээд сургуулиудын 3-4-р курсийн 100 оюутан залууст бүтэн өдрийн турш хувь хүний хөгжил, амжилтад хүрэх арга зам болон карьер хөгжүүлэлт зэрэг сэдвүүдийн хүрээнд АмЧамын гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд болох Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг, Голомт банкны гүйцэтгэх захирал Ө. Ганзориг, М-Си-Эс Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Гантөмөр, Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал Гарретт Вилсон болон Монполимет Группийн гүйцэтгэх захирал Н. Мөнхнасан нарын илтгэлийг сонсох боломжийг олгосон юм. Мөн энэ арга хэмжээнд АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга Биатрис Кэмп АНУ-д суралцах боломж болон арга замуудын талаар мэдээлэл хийсэн юм.

Арга хэмжээний хоёр дахь хэсэгт АмЧамын гишүүн Азиа Пасифик Инвестмент Партнерс, Камминс Монгол, Жэйкобс Инженеринг, Хаан банк, Голомт банк, Оюу Толгой, Орифлэйм Монгол, ПрайсуотерхаусКуперс, Тэнгэр даатгал болон Вагнер Ази групп зэрэг компаниудын хүний нөөцийн захирал болон менежерүүд карьер хөгжүүлэлт, багаар ажиллах чадвар хөгжүүлэх болон хэрхэн амжилттай CV бичих зэрэг багийн сургалт семинаруудыг удирдан зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээг ивээн тэтгэж, Монгол улсын залуу үеийн хөгжил дэвшилд өндөр хувь нэмрээ оруулж байгаа гишүүн компаниуд болох Камминс Монгол, Жэйкобс Инженеринг Монгол болон Орифлэйм Монгол компаниудад мөн мэдээллийн түншээр ажилласан Блүүмберг Монгол ТВ болон Монгол ТВ-д АмЧам Монгол нэн талархаж байгаагаа илэрхийлж байна.

АмЧам Монголын ТУЗ-ийн гишүүн бөгөөд Тэнгэр Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал ноён Ойбек Халилов арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “АмЧам болон гишүүн компаниудын хувьд хамгийн томоохон бөгөөд чухал нийгмийн хариуцлагын арга хэмжээ болох АмЧамын Ментор Өдөрлөгийг зохион байгуулж байгаадаа бид таатай байна. Монгол улсад нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч компаниудаар гишүүдээ бүрдүүлсэн тэргүүлэх бизнесийн байгууллагын хувьд бид бизнесийн бүх чиглэлд тэр дундаа нийгмийн хариуцлагын чиглэлд үлгэр жишээ байхыг эрмэлзэж ажиллаж байна” гэсэн юм.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь Вашингтон ДиСид байрладаг 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоо болох Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж