Эрдэнэт үйлдвэр ХХК-иас ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлдэг цогц бодлогын хүрээнд 2014 онд “Эрүүл мэндийн зам”-ыг барьж, ашиглалтанд оруулсан билээ. Ажилдаа явган ирж, очих ажилтнууд ая тухтай зориулалтын замаар алхах боломжийг бүрдүүлсэн уг зам нь 5,6 км-ийн урттай.
Тэгвэл өчигдөр Дашнямтай өлзий дэмбэрэл бүрдсэн хаврын өдөр Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд “Эрүүл мэндийн зам”-ын хаврын нээлтийг хийж, цех нэгж, хамт олноороо алхацгаав. Энэхүү хаврын анхны алхалтын үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуугийн санаачилгаар Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Спорт цогцолбор хамтран зохион байгууллаа.
Үйлдвэрийн ажилтнуудын хамтаар “Эрүүл мэндийн зам”-аар алхаж яваа Д.Даваасамбуу захирлаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр”Ирж буй цагийн өнгө сайхан, дэлгэр өдөр байна. Өнөөдөр манай үйлдвэрийн хамт олон 2017 оны 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүллээ. Бид 100 гаруй мянган тонн хүдэр илүү боловсруулж, 1000 гаруй тонн металл төлөвлөгөөнөөсөө илүү гаргаад байна.
Энэ бол маш том амжилт. Ийм сайхан амжилт, үйл явдлууд давхацсан билэгт сайн өдөр бид “Эрүүл мэндийн зам”-аа нээж байгаад сэтгэл өндөр байна. Компанийн зүгээс сүүлийн жилүүдэд дэвшүүлж ирсэн нэг зорилт бол “Эрүүл ажилтан-эрүүл хүнс-эрүүл мэнд” гэсэн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.
Бүх ажилтнуудаа “Медипас” эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулдаг боллоо. Үзлэгийн явцад манай ажилтнуудад нийтлэг ажиглагдаж байгаа шинж тэмдэг нь хөдөлгөөний хомсдол, түүнээс шалтгаалсан жингийн илүүдэл, мөн хоол боловсруулах эрхтний өвчлөл байна гэдгийг эмч нар хэлж байгаа. Энэ ч утгаар нь ажилтнуудаа эрүүл байлгах үүднээс энэхүү замыг барьж, байгуулсан. Тиймээс өнөөдөр “Эрүүл мэндийн зам”-аараа хамтдаа алхаж, цаашдаа ч дугуй болон явганаар ажилдаа ирж очиж, хөдөлгөөний хомсдолоос гарцгаая гэсэн уриалгыг дэвшүүлж байна. Энэ алхалтанд нэгдсэн бүх ажилтнууддаа үйлдвэрийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье” гэв.
“Эрүүл мэндийн зам”-ын хаврын нээлтийн алхалтанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех нэгжийн 500 гаруй ажилтан оролцож, хамтдаа алхацгаалаа. Энэ үеэр нийтийн хоолны цехийнхэн халуун хүйтэн зууш, ундаа цайгаар үйлчилж, эрүүл агаарт хамт олноороо алхаж, нэг өдрийг таатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN