Хаврын морин уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг тоохгүйгээр “Дүнжингарав-2017” уралдаан зохион байгуулагдсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Мөн Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт болсон уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноос унаж, 10 гаруй нь хөнгөн, зургаан хүүхэд хүнд бэртэж нэг хүүхэд амиа алдсан байна. Ийнхүү хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа учраас 80 гаруй төрийн бус байгууллага нэгдэж хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллахаар болсон байна. Тэд шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөх гэнэ. Мөн өнгөрсөн жил Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы тушаалаар Хүүхдийн эрх, хүүхдийн хамгааллын тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг шинэчлэн баталж жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэтэл “Дүнжингарав-2017” уралдаан болохоос хоёр хоногийн өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тушаалыг өөрчилж он сарыг нь авч хаяж зөвхөн өвлийн гэсэн үгийг үлдээсэн талаар Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа хэллээ. Тэрээр “Н.Номтойбаяр сайд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтыг шинэчилснийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Засгийн газар хурдан морины уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээрээ олон нийтэд хууль тогтоомж хэрхэн зөрчдөгийг харууллаа. Хүүхэд хурдан морь унаснаар хичээлээ тасалж цалгардуулдаг. Ер нь хурдан морины уралдааныг зохион байгуулж байгаа үндэслэлээ Баяр наадмын тухай хуульд заасан уяачдад цол хэргэм өгүүлэх заалттай холбож тайлбарлаж байгаа. Хүүхэд мориноосоо унаад ирэхэд өндрөөс унасан гэсэн бичиг хийж өгдөг эрүүл мэндийн байгууллагууд ч эл үйлдлийг нууснаараа буруутай. Хариуцлага тооцох ёстой” гэлээ.
С.САРУУЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN