“Алдагдлыг огцом бууруулах боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

“Алдагдлыг огцом бууруулах боломжгүй”

Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсруулснаа УИХ-д өргөн бариад буй. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс энэ талаар тодрууллаа.


-Төсвийн төслийг өргөн барилаа. Орлого, зарлагыг хэдээр тооцов, ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх вэ?

-УИХ 2016 оны арваннэгдүгээр сард Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн эхний алхамд Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан. Гурван үндсэн нөхцөл тавигдсаны эхнийх нь энэ оны төсөвт тодотгол хийх учиртай.

Төсвийн хуулийг боловсруулахдаа 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 33.7 хувь байхаар тусгалаа. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай байхаар тооцоолсон.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд 6 арга хэмжээ авна.  Үүнд Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлнэ.  Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх шаардлага байна.

Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ. Мөн  Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгоно.  Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна гэж тооцож суулгалаа.

Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа 7 төрлийн арга хэмжээг авахаар тусгалаа.  Эм, эмнэлэгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулсан худалдан авалттай болгосноор 10-15 хувийн хэмнэлтийг гаргах боломжтой гэж үзлээ.   Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан алгуураар урт хугацаанд нэмэгдүүлэх. 2026 оноос эрэгтэйчүүд 65 наснаас тэтгэвэрт, эмэгтэйчүүд 2036 оноос 65 наснаас тэтгэвэрт гарахаар тооцсон.

Иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аян, Атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлнэ. 

Төсөв, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж байгаа. Харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал  нэмэгдүүлэхгүй. Эдийн засаг сайжирсны дараагаар үе шаттай нэмнэ.

Төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлана.  Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоно.

Өнөөдөр хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд нь олгож байгаа, үүнийг 40 хувь болгоно.  Хэмнэсэн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд хоолны талон хэлбэрээр олгоно.

Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөлтэй зарим хуулийг буцаах, үйлчлэлийг зогсоох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар  төсвийн зардлыг 50 орчим тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр байгааг хөтөлбөр хэрэгжих хугацаанд буцааж хүчингүй болгохоор оруулж ирлээ.

-Татвар дахиад нэмэх нь байдлыг улам хүндрүүлэхгүй юу. Дээр нь төсвийн алдагдал асар өндөр байна, 2.7 их наядын алдагдал гэдэг өмнө сонсогдоогүй тоо?

-Татвар нэмэх нь сайхан арга хэмжээ биш, аргагүйдээд оруулж ирж байгаа.

Төсвийн алдагдал ДНБ-ийн 10.6 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Өр л нэмж тавьж байгаа. Бид сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд ийм л эдийн засгийн бүтэцтэй болсон.

Энийг нэг өдөр тас цавчаад төсвийг огцом агшаагаад алдагдалгүй төсөв батлах боломжгүй. Төсвийн зардал маш өндөр болчихсон. Зээлийн хүүгийн төлбөрт энэ жил зөвхөн 1.3 их наяд төлөх  болж байгаа. Өөрөөр хэлбэл, алдагдлыг бууруулах хүрээнд төсвийг огцом агшаавал эдийн засгаа улам хүнд байдалд оруулах учраас судалж байгаад энэ хувилбарыг сонгосон.

-Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байна.  Төсвийг тодотгохдоо нүүрс, алтны үнийг дэлхийн зах зээлийн үнээр тооцож ойртуулсан уу?

-Зэсийн үнийг нэмэгдүүлсэн. Төсөвт орж ирэх орлогыг 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн тооцсон.

-Татвар нэмэх хуулиуд бүгд ирэх сараас хэрэгжихээр байгаа юу?

-6 төрлийн татвар нэмэхээр оруулж ирснээс зөвхөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хууль хэрэгжинэ. Хэрэгжих хугацаа нь ирэх тавдугаар сарын 1-нээс тооцогдоно. Бусад татвар 2018 оноос хэрэгжинэ.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл ирэх дөрөвдүгээр сарын 10-нд хуралдах мэдээлэл бий. Энэ хурлаас өмнө  төсвийг тодотгох шаардлага тулгарч байгаа юу. Ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй бол амжихгүй гэж ойлгож болох уу?

-УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Засгийн газар төсвийн тодотголыг энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн.  ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хуралдаан дөрөвдүгээр сарын 11-нд болох юм билээ. Үүнээс өмнө төсвийн тодотголыг баталж амжихгүй л болов уу.  Гэхдээ дөрөвдүгээр сарын 21-23-ны хооронд ОУВС-гийн хаврын жилийн уулзалт болно. Бид дөрөвдүгээр сарын эхний хагаст багтаан төсвийн тодотголыг батлах байх. Улсын төсвийг батлах онцгой эрх нь УИХ-д байдаг. Тийм учраас урьдчилсан тооцоогоор дөрөвдүгээр сарын 15-н гэхэд төсвийн тодотгол батлагдана гэж найдаж байна. Ингэхээр ирэх тавдугаар сарын эхээр манай асуудал ОУВС-гийн хурлаар орох болов уу.

-Төсвийн тодотголыг танай бүлгийн гишүүд дэмжиж байгаа юу?

-ОУВС-тай хөтөлбөрийн хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд орж, танилцуулсан,  дэмжсэн. Хөтөлбөр дэмжигдэнэ гэж найдаж байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа үед хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь сөрөг үр дагавар дагуулна гэж үзээд хойшлуулах арга хэмжээ авч магадгүй гэх хардлага байна. Энэ тухайд?

-Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхэд нийгмийн тодорхой хэсгийн дунд сөрөг хандлага гарч магадгүй. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдэхгүй бол асуудал  хүндэрнэ. Засгийн газар хүнд байдалд орно. Гуравдугаар сарын 21-нд төлөх ёстой байсан 580 сая ам.долларын бондыг бид Засгийн газрын бондоор төлөхөөр болж, хөтөлбөрийг тохирч чадсан. Энэ үед хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн. Бид 476 сая ам.долларыг нь Засгийн газрын бондоор төлсөн бол шинээр 124 сая ам.долларын бонд гаргах санал тавьсан.  Ингэхэд Монгол Улсын Засгийн газрын бондыг худалдаж авахаар 3.4 тэрбумын санал орж ирсэн.

ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлээд төсвийн сахилгаа  дээшлүүлвэл ойрын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Энэ хэрээр зээлийн хүү буурна. Зээлийн хүү буураад ирвэл макро эдийн сэргээд ирнэ.

Хөтөлбөрт ороод сайн ажиллавал 2017 оны төгсгөлд хувийн сектор талдаа эдийн засаг сэргэхээр байгаа.

-Хэрвээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж амжихгүй бол Засгийн газарт дараагийн хувилбар байгаа юу. Өөр улс орнуудаас хөнгөлөлттэй зээл авах боломжийн тухайд?

-ОУВС-гийн хөтөлбөрөөс өөр  хувилбар магадлал бага. Хүнд байгаа нуух юм байхгүй.

Манай эдийн засаг маш хүндэрсэн байгаа. хэзээ яаж, хэн ийм болгосон тухай яривал урт түүх болно. Эдийн засгийн хэллэгээр хоёр том дарамт байна. Төлбөрийн тэнцлийн болон  төсвийн дарамт. Өмнө нь буюу 2008 онд “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлсэн, 1.8 сарын хугацаатай байсан.  Энэ удаагийн хөтөлбөр арай урт хугацаатай буюу 3 жилээр хэрэгжинэ.

Яагаад гэвэл тэр үеийн манай гадаад өр 30 хувь хүрэхгүй байсан. Одоо Монголбанкны своп зээл, төрийн өмчит компаниудын зээлийг оруулаад тооцохоор 100 хувийг давж байгаа. Үүндээ тохирсон хөтөлбөр л хэрэгжүүлэх гэж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж