Гуравдугаар сарын 26-ны Ням гаригт Орос орон даяар авлигыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж өнгөрлөө. Энэхүү акцыг хийх болсон шалтгаан нь Ерөнхий сайд Дмитрий Медведевийн эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгөөс үүдэлтэй. Эсэргүүцлийн акцыг гол зохион байгуулагч нь сөрөг хүчний гол төлөөлөгч Алексей Навальный юм.
Цагдаагийнхны мэдээлснээр Москва хотын төвийн Тверийн гудамжинд найман мянган хүн байсан гэсэн бол сөрөг хүчний мэдээгээр 25-30 мянган хүн оролцсон гэжээ.
Энэ удаагийн акц нь 2012 онд Болотнийн талбайд болсон жагсаалаас ч илүү өргөн хүрээг хамарлаа. Москюад цагдаагийнхан ойролцоогоор 900 орчим хүнийг саатуулан баривчилжээ. Баривчлагдсан хүмүүс дунд насанд хүрээгүй хүүхдүүд байгаа ажээ. Ням гаригийн орой 900 хүнээс нилээдийг сулласан ч чамгүй олон хүн саатуулагдсан хэвээр байна.
Ерөнхий сайдын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг Алексей Навальныйгийн удирдсан сан мөрдөн гаргажээ. Тус сангийн илрүүлснээр эдгээр хөрөнгө Медведевийн өөрийн нэр дээр байдаггүй, нэг ангийн төгсөгчдийнх нь нэр дээр байдаг ашгийн бус сангуудын нэр дээр байдаг гэжээ. Эдгээр хөрөнгийн тоонд Италийн Тосканод байдаг усан үзмийн талбайгаас гадна тансаг завь, эдлэн газар, зуслангийн байрууд байгаа ажээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч эдгээр баримт нь сонгуулийн өмнө зориуд гаргаж ирсэн материал гээд Алексей Навальный үүнийг улс төрийн зорилгоор хийж байгаа, тэгээд ч шүүхээс ял авсан хүн гэдгийг сануулсан байна.
Ням гаригийн акцыг зохион байгуулах зөвшөөрлийг Москва хотын захиргаанаас олгоогүй юм. Баривчлагдсан хүмүүс дунд Навальный өөрөө байсан бөгөөд түүнээс гадна BBC-гийн орос хэл дээрх сувгийн сурвалжлагч Всеволод Бойко, Ольга Ившина, Андрей Сошников нар бас саатуулагджээ.
Москвагийн жагсаал Тверийн гудамжаас эхэлж Манеж хүртэл яваад буцан Тверь рүү эргэх маршруттай байсан ч тусгайгийнхан болон цагдаагийн жагсаалыг маршрутаар нь явуулаагүй. Хотын захиргаа төдийгүй зохион байгуулагчид жагсаалд оролцогчдыг баривчлан саатуулж магадгүй гэсэн сэрэмжлүүлгийг өгч байсан ч сайн дураараа ирсэн хүмүүс их байжээ.
А.ТУЛГА