БНСУ-ын ерөнхийлөгчийн албанаас огцорсон Пак Гын Хэг баривчлан саатуулах хүсэлтийг Прокурорын газраас гаргасан байна. Түүнийг авлига, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, албан шахалт үзүүлсэн, төрийн нууц задруулсан зэрэг үндэслэлээр буруутгаж байгаа юм. Энэ хэрэгт түүний дотны найз гэгдэх Чой Сун-шил мөн холбогдсон билээ.
Ерөнхий прокурорын газраас гаргасан мэдэгдэлд “Гэм буруутайг нь нотлох олон баримт цуглуулсан. Гэхдээ сэжигтэн этгээд өөрт нь тулгасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үгүйсгэж байгаа” тухай дурдсан байна.
БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэг огцруулах асуудлаар гуравдугаар сарын 10-нд эцсийн шийдвэрээ танилцуулсны дараа тэрбээр өнгөрсөн долоо хоногт удаа дараа байцаалт өгчээ. Хэрэв Сөүл хотын тойргийн шүүхээс Прокурорын хүсэлтийг хүлээн авч, баривчлах тогтоол гаргавал Пак Гын Хэ БНСУ-ын түүхэнд гэмт хэрэгт холбогдож, саатуулагдсан гурав дахь төрийн тэргүүн болох аж. Өмнө нь ерөнхийлөгч асан Ну Тэ-ү, Чун Ду-хван нар авлигын хэрэгт холбогдож, баривчлагдаж байжээ.
С.ЦЭЛМЭГ