С.Баярын эрин үе дахин сэргэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

С.Баярын эрин үе дахин сэргэж эхэллээ

Ажиглагчид огт өөр тийш дуран авайгаа тааруулж эхлээд байна. Тэр эрхэм бол Н.Энхбаяр биш, С.Батболд, Н.Алтанхуяг хоёр бас биш, Ц.Шинэбаяр бол бүр ч биш билээ. Харин С.Баяр юм. Тиймээс “С.Баяр Н.Энхбаярын хувь тавиланг арай өөр хэлбэрээр дахин давтахыг үгүйсгэх аргагүй шүү дээ” гэх яриа улс төрийн хүрээнд хэдийнэ газар авчээ. Үнэхээр ч экс Ерөнхийлөгчид хандан “Гарахдаа гэрлээ унтраа” хэмээн хэлсэн үгэндээ өөрөө эзэн байх совесть түүнд бий юү. Тэрбээр “Тахиа донгодсон ч, эс донгодсон ч үүр цайдгаараа цайна” гэсэн утгатай “захидал”-ыг Н.Энхбаярт илгээсэн нь бий. Харин энэ үгийг хэн нэгэн С.Баярт хандаж хэлбэл мань эр хүлээж авах уу. Ардын намынхны зүгээс нэгэн зэрэг нижигнүүлэх “бөмбөр”-ийн тоглолтыг хөшигний цаанаас удирдаж буй энэ эрхмийн талаар таавар мэт асуултууд ийн үргэлжилсээр л.

УИХ, орон нутгийн 2012 оны сонгууль эхлэхэд нэг жил ч хүрэхгүй хугацаа үлдлээ. Ардын намын удирдлагууд албан тушаалдаа хэвээр үлдэх эсэх нь ч тэр үед тодорхой болно. Учир нь УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялуулсан дарга нь эрх баригч хүчний удирдагч бөгөөд Ерөнхий сайд болдог билээ. Тиймээс ууган нэрээ сэргээн Ардын нам болгосон улс төрийн ууган хүчнийг Н.Энхбаяргүйгээр, С.Баяргүйгээр парламентад дахин олонхи болгох хүндхэн даваа С.Батболдын өмнө бий. Энэ үг генсек У.Хүрэлсүхэд ч хамаатай. С.Батболд мөнгөтэй, У.Хүрэлсүх боловсон хүчний армиараа хүчийг мэдрүүлж, МАХН биш, Ардын намыг УИХ-ын ээлжит сонгуульд ялуулбал аль, алиных нь рейтинг огцом өсөх нь тодорхой. Солийн Данзангийн тэргүүлж явсан намын түүхийг шинэ зууны эрх баригч хүчний сүр хүчээр баяжуулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн учраас тэр шүү дээ. Ардын намын хоёр даргад ийм аз тохиож болох ч тус намд “Олзыг олуулаа” хэмээх зарчим үйлчилсээр ирсэн нь энэ удаад гай тарьж мэдэх л юм. Товчхондоо, Ардын намын лидерүүдийн амбиц, “Ялалт” хэмээх үгийг өөртөө хаяглуулах гэсэн далдхан хүсэл, албан тушаалын хуваарилалт, эрэмбэ дараа, энэ бүхэн тус намд Н.Энхбаярынхнаас дутахгүй “хор” болохыг үгүйсгэшгүй. Тэгээд ч арын эгнээнд ямагт зогсч, чимээгүйхэн алга ташихыг хэн хүсэх вэ дээ. “Ялсан баатрын дүрд тоглож үзэх сэн” гэсэн хүсэл олон хүнд бий. Тэр тусмаа амбицаар дүүрэн Ардын намд бүр ч их.

С.Баяр эрх мэдэл, элдэв улстөржилтөөс хол байгаа мэт боловч тэрбээр энэ бүхэн рүү аажим, аажмаар эргэн ирж байна.

Америк, аль эсвэл Эрхүү хавиар яваагаа албан ба албан бусаар үе, үехэн дуулгачихдаг экс Ерөнхий сайд эвгүйхэн аашаа хөдөлбөл хамтарсан Засгийн газрын “хаалга”-ыг эвдэж ч мэднэ. С.Баяр 2009 онд “Төлөвлөсөн ажлынхаа дийлэнхийг хийж амжилгүй явж байгаадаа би харамсаж байна. Даалгасан том ажлыг ном ёсоор нь гүйцээж, тавьсан зорилт, товлосон хугацаанд нь бүрэн хүргэлгүй засгийн ажлыг замын дундаас биеийнхээ байдлаас болж орхих болсондоо өөрийгөө буруутгаж байна. Юутай ч надад итгэж, засгийн өндөр албанд томилсон УИХ-аас би уучлалт хүсч байна” хэмээн чуулганы индрээс хэлж байсан удаатай. Харин одоо “Уучлаарай, орж болох уу” хэмээн асуулгүйгээр С.Батболдын танхимд, бас эрх мэдлийн төлөөх тохиролцоогоо хийдэг мөнөөх “өрөө”-нд гол суудлыг эзлэх гэвэл яана. Түүнд “Үгүй” гэж хэлж зүрхлэх аавын хүү Ардын намд бий билүү. Байхгүй. Ардын намд ч, Ардчилсан намд ч байхгүй. Учир нь С.Баяр хамтарсан Засгийн газрыг “Стандарт бус” гэх тодотголтойгоор анх байгуулж, нэг жилийн дараа С.Батболдод албаа шилжүүлсэн. Түүнээс өмнө Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт Тэргүүн шадар сайдын “загалмай” зүүж өгсөн билээ. Тэгэхээр нэрээ сольсон Ардын намын дарга, намаа арилжсан Ардчилсан намын даргын хэн, хэн нь С.Баярын дүрмийг мөрддөг гэсэн үг. Тэр ч атугай Оюутолгой, Тавантолгой, ер хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлсэн бүхэн экс Ерөнхий сайдад хамаатай гэдгийг ч аль, аль нь ойлгож байгаа. Хамгийн сонирхолтой нь ирэх сонгуулиар энэ бүхэн С.Батболд ба Ардын намынхны рейтингийг өсгөх үү, аль эсвэл байгаа болгон нь С.Баярт нялзсаар дуусах болов уу.

Өнгөрсөн үйл явцаас өөр нэгэн гаргалгааг хийж болох юм. Тэр бол МАХН хэмээх нэрийг Ардын нам болгон өөрчилсөн явдал. Эрх баригч хүчнийхэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард XXVI их хурлаа хийж, ардын засгийн түүхийг дахин сэргээсэн билээ. Тэрхүү түүхэн үйл явдлын гол дүр нь Сүхбаатарын Батболд байсан бол С.Баяр олны хэсэгт тоглосон. Гэвч Ардын нам 2012 онд ялагдал хүлээвэл яах билээ. Сонгогчид Н.Энхбаярын тэргүүлж буй МАХН-д эндүүрсэндээ саналаа өгчихвөл юу болох вэ. Мэдээж хэрэг, эрх баригч хүчин С.Батболдын эрин үед ялагдал хүлээвэл мань эр л гол буруутнаар тодорно. Харин учирч болзошгүй эрсдэл С.Баяраас холуур өнгөрөх нь тодорхой. Товчхондоо, Ардын намынхны алдсан боломж бүхэн түүний гарт орж ирэхийг үгүйсгэхгүй. Учир нь С.Батболд хариуцлага хүлээж, Ардын намын даргын албанаас огцорвол тус намд эл суудлын төлөөх марафон өрнөж эхэлнэ. Намын Бага хурлын гишүүд болон их хурлын төлөөлөгчид тэр үеэр экс Ерөнхий сайдад дахин итгэл хүлээлгэвэл С.Баяр байсан бүхнээ эргүүлж авна гэсэн үг. Ардын намын дарга, Ерөнхий сайд… Тийм ээ, тэрбээр байрандаа эргэн очно. Гэвч 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Тэр үед Ардын намынхан С.Баярыг нэр дэвшүүлэхийг үгүйсгэмгүй. Залуус нь амбицаараа аархаж, хөгшид нь хэчнээн тэчъяадаад ч нэмэргүй болсон энэ үед цагийн зүү яалт ч үгүй түүн рүү чиглэжээ. Ерөнхий сайд асан С.Баяр. Улс төрийн тавцнаа түүний эрин үе эргэлзэхийн аргагүйгээр дахин сэргэж эхэллээ. Нэгэн цагт Н.Энхбаярын тогтоосон эрэмбэ ёсоор эрх мэдлийн суудлыг эзэгнэх болсон С.Баярын дүрэм энэ цагаас эхлэн Ардын намд бүр ч хүчтэй үйлчлэх болно.

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж