Вестминстерийн халдлагыг ганц хүн үйлджээ

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

Вестминстерийн халдлагыг ганц хүн үйлджээ

-Явган зорчигчдыг дайрч, парламентын ордны өмнө байсан цагдаа руу халдсан этгээд ганцаараа байсан гэж цагдаагийн газраас тогтоожээ-

Энэ сарын 22-нд Лондоны төв хэсэгт парламентын ордны ойролцоо явж байсан хүмүүс, цагдаа руу халдсан Халид Масуд гэгч нь ганцаараа байсан тухай Лондоны цагдаагийн газраас тогтоожээ. Хууль сахиулагчдад шинэ халдлагад бэлтгэж байсан тухай мэдээлэл алга байна.

“Түүнийг юуны учир ийм зүйл хийх болов гэдгийг бид хэзээ ч мэдэж чадахгүй байж мэднэ. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нууц түүнтэй хамт үгүй болсон” хэмээн Лондоны цагдаагийн газрын орлогч дарга Нейл Басу сэтгүүлчдэд мэдэгджээ.

Цагдаагийнхан Масудыг ганцаараа хэрэг үйлдсэн гэж үзсээр байгаа бөгөөд цаашид халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэсэн мэдээлэл, мөрдлөг шалгалтыг үргэлжлүүлнэ гэжээ.

Халид Масуд гэгч хэн бэ

Басугийн хэлснээр Масуд энэ халдлагыг цор ганцаараа үйлдсэн байлаа ч цагдаагийн газраас түүнийг үгээр хэлж болшгүй ийм үйлдлийг яагаад хийх болов гэдгийг нарийн тогтоох шаардлагатай байгаа гэнэ. Энэ нь хотын иргэдийг тайвшруулж, амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн төрөл төрөгсөд, ар гэрийнхэнд хэлэх үгтэй болох зорилготой юм.

Басу “Бид Масудыг үнэхээр ганцаараа байсан уу, алан хядах ухуулгад автсан уу, эсвэл хэн нэгэн түүнийг хөөргөн дэмжиж явуулсан уу гэдгийг ялгаж салгахад бэлэн байна. Хэрвээ сүүлчийн хувилбар батлагдах юм бол энэ хүмүүс шүүхийн өмнө зогсох болно” хэмээжээ. Тиймээс Масудыг таньж, мэддэг хүмүүсийг цагдаагийн газарт хандахыг зөвлөжээ.

Масуд энэ сарын 22-нд Лондоны цагаар 14:40 цагийн үед халдлага үйлдсэн юм. Тэрээр машинтай Вестминстерийн гүүрний явган зорчигчийн хэсгээр зориуд явж, хүмүүсийг шахаж дайрсан байна. Дараа нь түүний автобус Британийн парламентын барилга руу чиглэж, Вестминстерийн ордны хашааг дайрч оржээ.

Масуд машинаас хутга барин бууж, парламентын барилгыг чиглэн гүйхдээ замыг нь хааж зогссон цагдаа нарын нэг рүү халдаж, аминд нь хүрчээ.
Энэхүү халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдсан бөгөөд Масудыг өөр нэг цагдаа буудан хороожээ. Нийт 50 хүн гэмтэж бэртсэн байна.

Масуд нь 52 настай бөгөөд Кент гүнлэг төрсөн. Хүүхэд байхад нь түүнийг Адриан Элмс хэмээн дууддаг байв. Өмнө нь тэрбээр хүний биед халдсан, хууль бусаар зэвсэг хадгалсан, нийтийн хэв журмыг зөрчсөн хэргээр хариуцлагад татагдаж байсан. Харин алан хядах үйл ажиллагаатай холбоотой хэрэгт огт холбогдож байгаагүй юм.
Халдлагын хариуцлагыг дэлхийн олон оронд хориглодог “Исламын улс” бүлэглэл хүлээсэн байна.

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж