Шинэ төрсөн хүүхдүүдийн ”Xүний хөгжлийн дэвтэр” саатжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Шинэ төрсөн хүүхдүүдийн ”Xүний хөгжлийн дэвтэр” саатжээ

Манай сонинд Чингэлтэй дүүргийн иргэдээс "Шинэ төрсөн хүүхдүүдэд хүний хөгжлийн сангийн дэвтэр олгохгүй байна" гэсэн мэдээллийг ирүүлсэн юм. Иймд уг мэдээллийн дагуу тус дүүргийн зарим хорооны мэргэжилтнүүд хүүхдийнхээ "Хүний хөгжил сан"-ийн дэвтэрийг авахаар очсон эцэг, эхчүүдэд "Дэвтэр дууссан. Ямартай ч материалыг нь бүрдүүлээд өгчих" гээд буцааж байгаа ажээ.

Тус дүүргийн гуравдугаар хороон дээр очиход мөн л энэхүү хариуг өгч байлаа. Тус хорооны мэргэжилтнүүдээс учрыг лавлахад "Дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэсд дэвтэр байхгүй гэсэн. Хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна" гэсэн юм. Биднийг тэнд байх үеэр ч хэд, хэдэн хүн "Дэвтэр нь ирсэн үү" гэж асуусаар орж ирэв. Тэд мэдээж тодорхой хариулт авч чадаагүй. Тиймээс үүнд тодорхой хариулт авахаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг зорьсон юм.


Д.Чойжилсүрэн: ХОРООДЫН МЭРГЭЖИЛТНҮҮД Л ДЭВТЭРЭЭ ТАТАЖ АВААГҮЙ БАЙГАА БАЙХ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс "Хүний хөгжил сан"-ийн дэвтэртэй холбоотой иргэдийн мэдээллийн дагуу тодруулга авав.

-Чингэлтэй дүүргийн хэд, хэдэн хороонд шинэ төрсөн хүүхдүүдэд "Хүний хөгжил сан"-ийн дэвтэрийг олгохгүй "Дэвтэр цаанаасаа ирэхгүй байгаа" гэсэн хариултыг өгч байна?

-Дэвтэр дууссан гэсэн хариулт өгөх ёсгүй. Магадгүй тухайн хорооны мэргэжилтнүүд нь дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээсээ дэвтэрээ татаж аваагүй байж ийм хариу хэлж байгаа байх.

-Дэвтэр хангалттай байгаа гэсэн үг үү?

-Тийм. Хангалттай байгаа. Шинэ төрсөн хүүхдүүдэд олгоод л явах ёстой.

-Дэвтэрийг танай газраас авах ёстой юм уу. Эсвэл тухайн дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хариуцсан ажил уу?

-Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсүүдэд хангалттай хэмжээгээр дэвтэрийг хэвлээд өгчихсөн. Хороод дээр дэвтэр дууссан бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсээсээ очоод л авчих ёстой.

Тэрбээр ийн ярив. Түүнтэй уулзсаны дараа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс дээр очсон юм. Тус хэлтэсийн иргэдэд үйлчлэх танхимд ч "Хүний хөгжил сан"-ийн мөнгө, дэвтэртэй холбоотой асуултад хариулт авах хүсэлтэй иргэд цөөнгүй байсан юм. Нэг хэсэг нийслэлийн олон мянган иргэний эх орны хишиг дансанд нь орохгүйн улмаас харьяа дүүргийнх нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд урт дараалал үүсгэж байсан.

Гэхдээ одоо ч тодорхойгүй шалтгааны улмаас "Хүний хөгжил сан"-ийн мөнгөө авч чадахгүй байгаа иргэд ийнхүү олон байгаа ажээ. Харин мөнгө, дэвтэрээ авч чадахгүй байгаа иргэдийн нэгээхэн хэсэг нь эхээс мэндлээд удаагүй байгаа хүүхдүүд болоод байгаа нь энэ. Уг нь Д.Чойжилсүрэн даргын хэлснээр бол "Хүний хөгжил сан"-ийн дэвтэрийг дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсүүдэд хангалттай хэмжээгээр хэвлээд өгчихсөн аж.

Харин Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Сайнбилэг "Зарим хороонд дэвтэр нь дуусчихсан байгаа. Цаанаасаа ирээгүй байсан юм. Гэхдээ удахгүй дэвтэрийг хороодод тараана" хэмээв. Тодруулбал, энэ долоо хоногийн сүүлчээс эхлээд "Хүний хөгжил сан"-ийн дэвтэрийг өгч эхлэх гэнэ.

Тус хэлтэс дээр хэсэг хугацаанд шинэ дэвтэр тасарсан байсан ч саяхнаас ирүүлсэн аж. Нэг ёсны хороо, дүүрэг болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынхны ийнхүү "Дээрээс ирэхгүй байна. Өөрсдөө л дэвтэрээ татаж аваагүй байгаа юм байлгүй" гэсэн үг үнэний ортой бололтой.

Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж