Монгол Улс эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулъя гэвэл Олон улсын валютын сан (ОУВС)-тай тохирсон Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр арга зам үгүй юм.
Бусдын хараа хяналт дор ажиллах нь хүсэх зүйл биш боловч санхүүгийн сахилга батыг сахихгүй явах нь улсаа дампууруулах эрсдэлтэй тулгадгыг хэдхэн хоногийн өмнө төлбөрийг нь хийсэн евро бондын 580 сая ам.доллар гэрчилнэ.
Энэ үйл явдлыг Ардчилсан намын зүгээс “Өрийг өрөөр дарлаа” гэж шүүмжилж буй ч үнэн чанартаа өөр ямар арга замаар бондын төлбөрийг хийх байсан юм бэ гэсэн асуултад хариулж чадахгүй л байгаа. Засгийн газар хийх ёстойгоо л хийсэн. Эрх баригч нь аль нам байхаас үл шалтгаалж, улсаараа дампуурахгүйн тулд Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг Хуралдай бондоор солих л байсан болов уу.
Гадаад өр нь таазаа цоолчихсон, зээлжих зэрэглэл нь ёроолдоо тулсан, төсвийн алдагдал нь 2 их наяд төгрөг рүү ойртсон улсад өөр ямар арга зам байсан гэж?.
Одоо улстөржихөөс илүүтэй бодит үнэнтэйгээ эвлэрэх цаг ирлээ.
Хүндрэлтэй байдлаас цаг алдалгүй гарахын тулд УИХ Засгийн газрын ОУВС-тай тохирсон Санхүүгийн хөтөлбөрийг батлах явдал. Уг нь гурван сардаа багтаагаад шийдсэн бол цаг хожоод хэрэгтэй байлаа.
Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад 480 сая ам.доллар орж ирэх үүд хаалга нээгдэнэ. Үүгээр Монголбанкин дахь валютын нөөцийг зузаална.
Хэдийгээр валют орж ирэх урсгал нээгдэхтэй зэрэгцээд хатуу нөхцөлүүд тавигдаж буй ч УИХ зөв хувилбар гаргаж ирж чадвал зөөллөх боломжтой. Татварын хэмжээ өсөх нь гэж шуураад байгаа боловч хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулах татвар л зөвхөн ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхлэхээр Засгийн газар төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн. Бусад бүхий л татварын нэмэгдэл 2018 оноос хэрэгжихээр байгаа.
Харин ирэх онд хэрэгжүүлж эхлэх асуудлыг яагаад заавал одоо оруулж ирэх шаардлага тулгарав гэхээр хямралаас цаг алдалгүй гарах, дотоод зах зээлийг валютын урсгалаар хангах, мөн дээр дурдсан 580 сая ам.долларын төлбөрийг хийхтэй холбогдож гарсан хүчин зүйлүүд юм.
Үндсэндээ Засгийн газар хийх ёстой ажлуудаа хийсэн, одоо УИХ-ын шийдвэрийг хүлээнэ гэсэн үг. Үүнтэй зэрэгцэж төсвийн алдагдлыг бууруулж чадах уу гэдэг бас том проблем.
Засгийн газраас оруулж ирсэн төсөв УИХ-д ирээд улам данхайдаг. Зардлыг нь танаад өг гэхэд л өсгөдөг, алдагдлыг нь бууруулах шаардлага байна гэхэд л тэлдэг.
УИХ-д өргөн бариад байгаа 2017 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэж байгаа.
Төсвийн алдагдал өндөр хувьтай гарсан нь Монгол Улс нэгдсэн нэг л төсөвтэй болсон явдал.
Өмнө нь Монголбанк нэг төсөвтэй, Хөгжлийн банк нэг төсөвтэй, Засгийн газар мөн нэг төсөвтэй, Концесс гэдэг бас нэг төсөвтэй байсан. Энэ олон төсвөөс зөвхөн Засгийн газраас УИХ-д өргөн баригдсан төсөв батлагдаж, тэр хэрээр зардал бага, алдагдал 1 их наяд төгрөгөөр хэмжигддэг байв.
Одоо харин ОУВС-гийн хөтөлбөр авах гээд сууцгааж байгаа нь санхүүгийн сахилга бат сахиагүйгээс гарсан алдаатай холбоотой юм. Шинэ Засгийн газар байгуулагдсаныхаа дараа энэ олон төсвийг нэг тогоонд багтаасан. Өөрөөр хэлбэл, төрөөс гарч байгаа нэг төгрөгийн зардал бүр нэгдсэн төсөв дор зангилагдаад ирэхээр бодит төсвийн өөрийнх нь орлого, зарлагын зөрүү ч том болж харагдаж буй.
2017 оны оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхлэхэд 2.7 их наядын алдагдлыг “Түүхэнд байгаагүй хамгийн том алдагдал” гэж цоллох л байх. Гэлээ гээд бодит үнэнийг нуух аргагүй.
Хамгийн гол нь төсвийн алдагдлыг бууруулахын тулд 65-ын бүлэг хэрэггүй зардлуудаа онож танаж, басгаж чадах уу гэдэг л чухал юм.
Онож зардлыг бууруулж, хэмнэлт хийж чадвал алдагдлын хэмжээ буурна, бодит эдийн засгаа ч аварч чадна.
Шууд автоматаар алдагдлын хэмжээг бууруулна гээд муйхарлавал бодит эдийн засгаа улам агшаах эрсдэл бий.
Г.ХОРОЛ