ХАРИУЦАХ НЬ ӨРӨӨСГӨО ХЭРЭГ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германд шилжүүлэх шийдвэрийг Английн шүүхээс гаргасан. Үүний дараа Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийж, энэхүү шийдвэрийг "Монгол Улс хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн мэдэгдсэн.
Тиймээс энэ асуудлыг мэргэшсэн хуульчдаар хариуцуулахаар ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд байгуулж, нухацтай хандах болсон тухайгаа илэрхийлээд байгаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас тодрууллаа. Тэрбээр Б.Хурцад хамаарах хэргийг хариуцсан ажлын хэсгийг даргалж байгаа юм.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцын асуудлыг хариуцсан ажлын хэсгийг шинээр байгуулахаар болсон. Энэ асуудал ямар шатанд байна вэ?
-Одоохондоо шинээр ажлын хэсэг байгуулаагүй байна. Гадаад харилцааны яамнаас одоогийн ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт хуралдаж, шинэ ажлын хэсэг байгуулах уу, одоо байгаа ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү гэдгийг шийднэ гэсэн мэдээлэл өгсөн байсан. Гэхдээ энэ талаар хэлэлцсэн зүйл одоогоор байхгүй.
-Гадаад харилцааны яамныхан "Мэргэшсэн хуульчдаар багаа бүрдүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулахаар болсон" гэдэг мэдээлэл хийсэн шүү дээ?
-Энэ асуудлыг хариуцсан ажлын хэсгийг яамдын хамтарсан ажлын хэсгээс бүрдүүлэх учиртай юм. Тиймээс энэ асуудлыг зөвхөн манай яам хариуцна гэж шийдвэл өрөөсгөл хэрэг болно. Харин ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яам даргалах талаарх асуудлыг ярьсан байж болох юм. Үүнээс гадна шинээр ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны эцэст шийдвэрлэх гарах учиртай юм.
-Ажлын хэсгийн хуралдаан хэзээ болох вэ?
-Тодорхойгүй байна.
"Улс төрийн тойм" сонин