Тунис, Египетээс эхлээд Сири, Ливи, Зааны ясан эрэг, Алжир, Морроко зэрэг Арабын ихэнх орнуудын "дарангуйлагч" тодорхойлолттой төрийн эрхэнд гарсан удирдагч нарын бууж өгөх нь бууж өгч, огцрох нь огцорч эхнээсээ шүүхээс ял сонсох дээр тулаад байгаа. Үүний нэг тод жишээ нь Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак. Түүний сүүлийн 20 гаруй жил үнэхээр амьдралын аз жаргал гэж юу байдгийг мэдрүүлсэн мэт тансаг, дээд зэрэглэл гэж ямар хэм хэмжүүр байдаг тэр бүхнийг эдэлж, хэрэглэж явсан нэгэн. Харамсалтай нь түүнийг эцсийн мөчид ийм эмгэнэлтэй учирна гэж хэн санах билээ.
Одоогоор түүний байдал тун хүнд байгаа бөгөөд BBC агентлагийн мэдээлж буйгаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Шарм ель-Шеихт тосгоны нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Өдгөө 83 настай тэрбээр өнөөдөр ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, улсын хөрөнгөнөөс шамшигдуулсан, үрэн таран хийсэн, ард түмнээ гутаан доромжилсон, он удаан жил улиран сонгогдсон гэх үндэслэлүүдээр Египетийн ард түмний өмнө шүүгдэнэ.
Мөн Египетийн Хууль зүй, дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Түүнийг шүүх явцад ард түмэн дургүйцлаа илэрхийлэх нь тодорхой. Харин бид шүүх хурлыг аюулгүйн үүднээс нийслэл хотоос зайтай газар хийх болно. Энэ нь ард түмний ч аюулгүй байдалтай холбоотой асуудал" хэмээн мэдэгджээ.
Египет улсын Засгийн газраас түүнийг Шарм ель-Шеихт тосгоны эмнэлгээс нь гаргаж, Кайр хотын дээд шүүхийн танхимд шүүх гэж байсан боловч эрх баригчид дээрх үндэслэлээр шийдвэрээ өөрчилсөн аж. Хосни Мубаракийг хотоос зайдуу нэгэн тосгонд шүүх талаар CNN агентлагийн Ойрхи Дорнодын сурвалжлагч нар мэдээлэв.
Сүүлийн 30 гаруй жил буюу 1981 оны аравдугаар сарын 14-нд Хосни Мубарак Ерөнхийлөгчөөр сонгогдож, төрд өөрийн гэр бүлийн сүлжээг бий болгож, үүгээрээ дамжуулан цэрэг армийн хүчийг гартаа атган, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хээл хахуульд татан оруулсан гэдэг нь шүүх хурлаар нотлогдвол өндөр хэмжээний мөнгөн торгууль, төлөхийн зэрэгцээ олон жилийн ял авах төдийгүй эх орноосоо хөөгдөж мэдэх аж.
Хүний эрхийг хамгаалах "Эмнести Интернэшнл"-ээс өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгаанаас харахад Египетийн "хувьсгал"-ын үеэр нийт 1350 гаруй хүн амиа алдаж, 9500 гаруй хүн бэртэж гэмтжээ. Өнөөдөр болох Хосни Мубаракийн шүүх хурал дээр түүний хоёр хүүг ч мөн адил дуудсан талаар "Reuters" агентлаг онцолж байсан. Хоснигийн хоёр хүү болох Аллаа Мубарак болон Гамаль Мубарак өнөөдрийн шүүх хуралд аавынх нь хамт шүүхийг ард түмэн нь хүсч буй.
Аллаа Мубарак нь Хоснигийн баруун гар хэмээн ажиглагчид үздэг бөгөөд бага хүү Гамаль нь эцгийнхээ бизнесийн асуудлыг шийдвэрлэдэг байжээ. Хосни Мубаракийг шүүх болсон хамгийн том үндэслэл нь өнгөрсөн сарын жагсаал цуглааны үеэр ард түмэн рүүгээ буу шагайсан гэм нь бөгөөд хамгийн түрүүнд эл хэргээр нь яллаж магадгүй талаар Их Британийн "The times" сонинд бичсэн байна. Ямартай ч шүүх хурлын эцсийн шийдвэр ард түмний талд гарах нь тодорхой болоод байгаа талаар Египетийн зарим улс төр судлаачид дүгнэж байгаа юм.
"Улс төрийн тойм" сонин