Баянгол дүүргийн тавдугаар хороонд тун удахгүй буудлага спортын төв нээлтээ хийх гэж байна. Мэргэжлийн тамирчид болон сонирхогчдын хүлээн авах боломжтой энэхүү төв нийт 3000 м.кв талбайтай. Дотроо 10, 25, 50 метрийн буудлага үйлдэх байгууламж /тир/ болон тамирчид байрлах амралтын, багш нарын, хувцас солих, хүлээлгийн өрөө, усанд орох тасаг, хоолны газар, зэвсэг, сум, хэрэгслийн агуулах, хяналтын хэсэг, оффис гээд олон улсын тэмцээн болох бүх нөхцлийг хангажээ.
Монгол улсад одоогоор 10 болон 50 метрийн тир байдаг байна. Харин энэхүү буудлагын төв орчин үеийн бүхий л хэрэгтэй тоног, төхөөрөмжийг бэлдэж, олон улсын тэмцээнийг ч зохион байгуулах бүрэн боломжтой болж байгаа аж.
Монголын буудлага спорт холбооны дотоодын тэмцэн уралдаан хариуцсан мэргэжилтэн Д.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ “Орос болон Монгол улсад л битүү тир байдаг. Бусад оронд цаг агаараасаа шалтгаалан ихэвчлэн гадаа тиртэй. Манайд дулааны улирал богино тул бэлтгэлийн ихэнх хувь дотор тирэнд явагдах шаардлагатай болдог. Манай буудлагын төв одоо дулааны шугамдаа бүрэн холбогдож, халаалттай болсон. 10, 25, 50 метрийн тирүүд тус тусад нь шийдэж өгсөн буудлагын төв одоогоор манайх л болж байна. Гурван тир дээр тамирчид хэрхэн буудаж байгааг энд байрлуулах дэлгэцүүдээр хянан харах боломжтой. Төвийн барилгын ажил өнгөрсөн намраас эхэлсэн. Одоо дуусахад хэдхэн хоног үлдлээ. Дуусуут нь бэлэн тоног төхөөрөмжүүдээ суулгаснаар нээлтээ хийнэ. Одоогоор тамирчдын бэлтгэл хийх боломжтой байгаа Техник спортын төв нь хуучны заал учраас зардал өндөртэйн дээр зарим шаардлагаа хангаж чаддаггүй байсан. Иймд энэ барилгыг өргөтгөн тусад нь цоо шинэ, олон улсын стандартад нийцсэн буудлагын төв байгуулж байна” гэсэн юм.
Ч.БОЛОР