Газар тариалангийн бүс нутгаар бороошино

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Газар тариалангийн бүс нутгаар бороошино

Өмнөд Солонгос, Японд их хэмжээний усархаг бороо орж, үерийн гамшиг нүүрлээд байгаа билээ. Хамгийн сүүлд Өвөрмонголын нутаг дэвсгэр дээр үер болж, хүчтэй шуурга дэгдсэнээс болж олон хүн амь насаа алджээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр Өвөрмонголд үерийн гамшгаас болж 22 хүн нас барж, 50 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

Мөн газар тариалангийн 618.5 мянган гегтар талбай усанд автжээ. Ямартай ч нийт хохирлын хэмжээ 4.45 тэрбум юань буюу 691 сая ам.доллар болсон хэмээн Хятадын Иргэдийн асуудал эрхэлсэн яамнаас мэдээлсэн байна.

Цаг агаарын энэхүү гамшиг манай улсад ч нүүрлэж магадгүй гэх болгоомжлол сүүлийн үед бий болоод байгаа. Тиймээс энэ тухай Ус, цаг уурын хүрээлэнгийн инженер Ц.Загираас тодрууллаа.

-Ойрын үед цаг агаар ямархуу байх вэ. Их устай бороо орох магадлал хэр байна?

-Ерөнхийдөө бороо, хуртай байна. Гэхдээ их ширүүн бороо орох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тухайн үед гэнэтхэн борооны үүл хуралдан бий болж, голын эхэнд орчихвол үер болохыг үгүйсгэхгүй. Түүнээс биш цаг агаарын ойрын үеийн төлөв байдлыг харахад их устай бороо зүсэрч орох магадлал бага байна. Харин түр зуурын бороо орно. Өнөө, маргааштаа баруун болон төвийн нутгаар, энэ сарын 4, 5-нд ч нутгийн баруун хагаст, 5-7-нд зарим газарт дуу цахилгаантай түр зуурын бороо орно.

-Тэгэхээр Азийн орнуудад орж байгаа их устай борооны үүл манайх руу нүүж ирэхгүй гэсэн үг үү?

-Тийм юм бол байхгүй. Зарим нутгаар гэнэт хүчтэй бороо орохыг үгүйсгэхгүй. Түүнээс биш одоогийн байдлаар ажиглагдаж байгаа зүйл алга байна.

-Тэгвэл ойрын хугацаанд сэрүүсэхгүй гэсэн үг үү?

-Температурын хувьд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Говийн бүс нутгаар энэ долоо хоногт шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм дулаарна. Бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан болно. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

-Газар тариалангийн бүс нутгаар цаг агаар ямархуу байх вэ?

-Газар тариалангийн гол бүс нутагт Увсын Баруун туруун, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ багтдаг. Булган, Сэлэнгийн нутгаар борооших төлөвтэй байгаа. Гэхдээ нар ч гарна. Ер нь зун нар, хур тэгширсэн сайхан зун болж байна.

-Энэ зун хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас давсан болов уу?

-Олон жилийн дунджаас нэг их өөрчлөгдөөгүй. Ойролцоо гарсан.

-Гол, нууруудын усны түвшин нэмэгдсэн үү?

-Усны түвшин өнгөрсөн долоо хоногт бага зэрэг нэмэгдсэн. Харин энэ долоо хоногоос эхлээл буучихлаа. Ер нь олон өдөр үргэлжилсэн зүс бороо орохгүй л бол усны түвшин нэг их дээшлэхгүй байх.

Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлснээр энэ сард нийт нутгаар гол мөрний усны дундаж түвшин тухайн сарын олон жилийн дунджаас харьцангуй бага байх төлөвтэй байгаа аж. Зарим голын тухайлбал Монгол Алтайн нуруунаас эх авсан Ховд, Булган голын усны түвшин олон жилийн дунджийн орчим байх юм. Ихэнх гол мөрний усны түвшин наймдугаар сарын олон жилийн дунджаас бага буюу түүний орчим байх боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс огцом нэмэгдэж, үерийн түвшинд хүрч, цөөхөн хоногоор үерлэж болзошгүй аж.

Мөн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой. Иймд гол мөрний сав газар болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, аялал зугаалгаар явж байгаа ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж