Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өнөөдрөөс /2017.03.27/ явж эхэллээ.
Монгол Улсын Авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн, тохиролцсоны дагуу Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл улс хоорондын тогтмол зорчигч тээврийн үйлчилгээ явж эхэлж байгаа нь энэ аж. Ингэснээр иргэд аюулгүй, найдвартай автобусаар зорьсон газартаа очих боломж бүрдэж буй юм.
Дээрх чиглэлд Монгол Улсын “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал жуулчин” компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх аж.
Эхний удаадаа долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад тус чиглэлд том оврын автобус үйлчлэх бол цаашид зорчигчийн урсгал нэмэгдвэл долоо хоногийн баасан гариг бүр өдөрт хоёр удаа автобус явуулах боломжтой гэсэн урьдчилсан төлөвлөлт гарчээ.
Дашрамд тэмдэглэхэд дээрх чиглэлд зорчиход том хүний нэг талын замын зардал 44 мянган төгрөг юм байна.
Г.ДАРЬ