“Үйлийн гурван толгой”-г бүжинэ
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагт “Үйлийн гурван толгой” балетыг бүжих болжээ.
Монголын тайзнаа одоогоос 30 жилийн тэртээ тавигдсан бүтээл аж.
Их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжгээс сэдэвлэн балетмейстер Б.Жамъяндагва "Үйлийн гурван толгой" хэмээх гурван бүлэг 4 үзэгдэлт бүжгэн жүжгийг дэглэн тавьж 1987 оны гуравдугаар сарын 28-ны өдөр нээлтийг нь хийж байжээ.
Хөгжмийг Улсын ардын дуу, бүжгийн чуулгын удирдаач Х.Сүндэд удирдсан байна. Б.Жамъяндагва уг балетыг зохиолчийн анхны эхийг баримталж эмгэнэлт бүтээлийн төрөл жанраар туурвисан юм.
Энэхүү бүтээлийн хөгжмийг гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар анх үндэсний хөгжимд зориулан бичсэнийг 2007 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн З В.Боролдой симфони найрал хөгжимд хөрвүүлсэн.
Сүүлийн гучин жилийн турш манай театрын үе үеийн шилдэг балетчид тоглож ирсэн энэхүү сайхан бүтээлийг их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан тусгайлан тоглож байсан бол одоо 54 дэх улиралд 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дахин “амилуулжээ:
“Тэнгэрийн хүү” тоглогдоно
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 18.00 цагт Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжиг тоглогдоно.
Уг жүжгийг МТӨ 2220 жилийн өмнө Хүн гүрнийг Модун Шаньюй байгуулсны 2220 жилийн ойд зориулан бичжээ.
Жүжигт Модуныг түүний аав Түмэн Шаньюй хувийн эрх ашгийг үл ойшоосон шалтгаар харь гүрэн Кушанд барьцааны хүн болгон явуулснаар эхэлнэ.
Модун олзноос оргон ирэхдээ эцгийн харь гүрэнд буумтгай бодлогыг таслан зогсоох, улс үндэстнээ хүчирхэг болгох, газар бол төрийн үндэс гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн, дипломат ёс горимыг шинэчлэх санаа бүхий хүчирхэг хүний дүрээр эх орондоо ирдэг. Жүжигт Модуны улс төрийн бодлого, аугаа удирдагч, их жанжин хүн байсан гэдгээс нь гадна хувь хүний дотоод мөн чанар, ертөнцийг үзэх үзлийг товойлгон үзүүлжээ. Мөн Монгол төрийн уламжлалт ёс, эх орноо хайрлах үзэл, газар нутгаа эрхэмлэх сэтгэл болон хар сэтгэл, атаа хорсол, авлига хээл хахууль, төрийн ялзралыг өгүүлж, Хүннү гүрэн бол тухайн үеийн дэлхийн улс үндэстэн дундаас төрт ёсыг хамгийн анх эрхэмлэн дээдэлж, төрийн бодлого, хууль цаазыг хэрэгжүүлсэн том гүрэн улс гэдгийг харуулахыг зорьжээ.
Модун Хүн гүрнийг сулран доройтуулсан эцэг Түмэн Шаньюг хороон, төрийн эргэлт хийн, газар шороо гэдэг ямар их үнэ цэнэтэй олддог эрхэм нандин зүйл болохыг хүн бүрийн зүрх сэтгэлд тунхаглана. Жүжгийн өрнөл явцад тэрээр улс гүрнээ бататган нэгэн жолоонд оруулсан удирдагч хүний хувьд "Тэнгэрийн хүү" болтлоо алдаршсан ч хувь хүний амьдрал нь эмгэнэлт байдлаар төгсөнө.
Жүжгийн гол агуулга нь Монголчуудын дээд өвөг Хүн гүрний түүхийг тодотгон, эх түүхээрээ бахархах, газар шороогоо амь мэт хайрлах, эх орондоо үнэнч байх үзлийг түгээн дэлгэрүүлж, монгол хүн бүрийн зүрх сэтгэлийг сэрээхэд оршжээ.
Гуравдугаар сарын 26-нд ням гаригт:
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 17.00 цагт Олон улсын театрын өдөрт зориулсан гала концерт болно.
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 19.00 цагт У.Шекспирийн “Гамлет” жүжиг тоглогдоно.
Суут зохиолч У.Шекспир "Гамлет" хэмээх энэхүү алдарт бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний ухаанаар бичсэн гэдэг. Үнэндээ "Орших уу, эс орших уу" хэмээх энэ асуулт хүн төрлөхтний мөнхийн асуулт хэвээр байгаа билээ.
Энэхүү жүжиг нь уран бүтээлчдийн авъяас, ур чадварыг ихээхэн сорьсон бүтээл болдог юм.
Г.ХОРОЛ