Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын талаар Дэлхийн банкнаас хийсэн судалгааны тайланг өнөөдөр танилцууллаа. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн судалгаанаас харахад Монгол хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдал ихээхэн зөрүүтэй байгаа нь илэрчээ. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хот суурин газрын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, хотын цэцэрлэгүүдийн ачааллыг багасгах үүднээс хот суурин газруудад цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тайланд онцолсон байна.
Өнөөдрийн байдлаар Нийслэлд 150 гаруй цэцэрлэг шаардлагатай гэсэн албан бус тооцоо байдаг ажээ. Харин Улаанбаатар хотын 2017 оны төсөвт долоон цэцэрлэг барьж байгуулахаар тусгасан байна.
Энэ жил хэчнээн цэцэрлэг шинээр барих вэ гэсэн асуултад БСШУС Ж.Батсуурь “Японы Засгийн газар, Америкийн элчин сайдын яамнаас Ховд, Баян-Өлгий, Увс аймагт шинээр цэцэрлэг барихаар тусгагдсан байгаа. Яг шийдвэр гараад барилгын ажил эхлээгүй учраас энэ жил яг хэдэн цэцэрлэг баригдахыг хэлэхэд хэцүү. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр цэцэрлэг барихаар бэлтгэгдээд явж байна. Энэ зургадугаар сард УИХ-аас зээлийн ерөнхий хэлэлцээр батлагдчихвал энэ онд нэлээд хэдэн цэцэрлэгийн барилгыг эхлүүлэхээр ажиллаж байна. Иймээс цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн тэр орчинд барьж байгуулахаар бүхий л анхаарлаа хандуулж байна” гэж хариуллаа.
Сүүлийн жилүүдэд төрөлт болон хөдөө орон нутгаас хотод ирж суурьших иргэдийн тоо ихсэж байгаа учир цаашдаа цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь тодорхой. Санхүү мөнгөний асуудал нь шийдэгдэн шинээр барилга барьж байгуулахад газрын асуудал ч хөндөгдөнө. Тухайлбал цэцэрлэг барих шаардлагатай гэсэн газар зай талбай байдаггүй нь удирдлагуудын санааг зовоож буй нэг асуудал болжээ. Энэ талаар Ж.Батсуурь хэлэхдээ “Яг энэ хорооны энэ цэг, бүсэд цэцэрлэг барих шаардлагатай гэхээр газар байхгүйгээс болж барилгын ажил хойшлогддог тохиолдол байгаа” гэлээ.
Энэ мэтчилэн цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж сургуулийн өмнөх боловсролыг бүрэн авч чадаагүй хүүхэд ЕБС-ын сургуульд ороод өөр хоорондоо ялгаатай байдаг байна. Энэ талаар өмнө нь Иргэний нийгмийн зарим байгууллагууд судалгаа хийж танилцуулж байсан ч яамны зүгээс тэр болгон сонсдоггүй гэж “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг ярьж байлаа. Тэрээр “Өнөөдөр боловсрол тэгш бус байна. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсролын түвшинд тэгш бус байдал үүссэн байна гэдгийг манай эвслийн хийж байсан судалгаа илэрхийлж байсан. Тухайн хүүхдийн ар гэр, нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалж энэ хүүхдүүдийн боловсрол ялгаатай байна. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах энэ бодлогын шийдлүүд чинь оновчтой биш байна. Чанарын хувьд доогуур байна гэдгийг бид хэлж байсан. Манай боловсролын яам иргэний нийгмийн байгууллагаа маш муу сонсдог. Төрийн байгууллагууд төрийн бус байгууллагуудтайгаа хамтарч ажиллаасай. Бидэнд судалгаа, түүний үр дүн байдаг. Бодлого чинь ямар байна вэ гэдгийг газар дээр нь судалж цуглуулж ирдэг. Бид хамдаа ажиллах юм бол сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанарт өөрчлөлт гаргаж чадна гэдэгт итгэл найдвар төрж байна” гэлээ.
Г.БАТТҮШИГ