Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Агаарыг эзэгнэгчид

Дэлхийн агаарын спортын холбооноос Монголын агаарын спортын холбоонд Дэлхийн цом 2011 чөлөөт нислэгийн тэмцээнийг зохион байгуулах эрхийг өгчээ. Үүний дагуу Монгол улсад чөлөөт нислэгийн Дэлхийн цом зохиогдож байна. Өмнө нь манай улсад чөлөөт нислэгийн олон улсын тэмцээн “Монголын цом” нэртэйгээр зургаан жил тасралтгүй явагдаж байсан юм. Энэ удаагийн тэмцээнд Япон, Монгол, хоёр Солонгос, Хятад, ОХУ зэрэг зургаан орны 120 гаруй тамирчид ур чадвар, өөрсдийн гар аргаар хийсэн техникээрээ өрсөлдөж байна. Мөн тэмцээний үеэр холимог тамирчид оролцсон 1000 еврогийн шагналтай бооцоот чөлөөт нислэгийн тэмцээн болох аж.

Монголын агаарын спортын холбоо нь 2010 онд Дэлхийн агаарын спортын холбоонд албан ёсоор гишүүнээр элсчээ.

Монгол Улсад 1965 оноос хөгжиж эхэлсэн агаарын нислэгийн спортоор сүүлийн үед хүүхэд залуус ихээр сонирхон хичээллэх болсон. Ирээдүйн шилдэг инженерүүдийг бэлтгэн төрүүлэх энэ спорт нь манайд эрчимтэй хөгжиж байна. Тухайн тамирчны онгоц агаарт гурван минутын турш байх ёстой. Харин нэг тамирчин тэмцээний турш долоон нислэг үйлдэнэ. Нийт цуглуулсан оноогоороо бусдаас өндөр байж чадвал тэр тамирчин шигшээ өрсөлдөөнд шалгарах юм. Налайхын ойролцоох "Дархан ноёны худаг" гэдэг газар болж байгаа Дэлхийн цом 2011-ын эзэд энэ сарын 4-нд тодорно.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж