Баруун аймгийг хар замаар бүрэн холбоно

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Баруун аймгийг хар замаар бүрэн холбоно

Ховд, Баян-Өлгий чиглэлийн 163 км зам болон Говь-Алтай, Баянхонгор чиглэлийн 263 км замыг хатуу хучилттай болгож, энэ онд багтаан ашиглалтад оруулах асуудлыг Засгийн газраас шийдсэн билээ. Ховд, Баян-Өлгий чиглэлийн замын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас шийдвэрлэх аж. Харин Говь-Алтай, Баянхонгор чиглэлийн 263 км замын санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэх юм байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутагт ажиллах үеэр энэ асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлж байсан. Тэрбээр “Баруун аймгуудыг холбосон замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна. Үүний тулд замын уртыг маш багаар тогтоож олон тендер шалгаруулах бодлогыг Засгийн газраас барина. Тэгэхгүй бол нэг компанид урт зам өгчихөөр жилдээ багтаан ашиглалтад оруулж амжихгүй байх магадлалтай” гэж байсан юм.

Ингэснээр баруун таван аймаг хатуу хучилттай замаар холбогдох боломж бүрдэж байна. Дашрамд дуулгахад одоогоос дөрвөн жилийн өмнө баруун аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай зам тавигдаагүй байсан билээ. Энэ үед микро автомашинд 20 гаруй хүн “чихээд” Говь-Алтай, Ховд, Завхан, Баян-Өлгийг зорьдог. Замдаа 2-3 хонож очдог байсан хэмээн зам тээврийн жолооч нар ярьдаг.

Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 200 км, Дэлгэр Говь-Алтай чиглэлийн 100 гаруй км, Говь-Алтай Ховд чиглэлийн 400 км, Ховд Баян-Өлгий чиглэлийн 100 гаруй км замыг хатуу хучилттай болгожээ. Энэ ажлыг “Шинэчлэлийн” Засгийн газраас шийдвэрлэж, бондын хөрөнгөөр барьж байсан билээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж