Хотын иргэд хотын дүрмээр амьдрах ёстой

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Хотын иргэд хотын дүрмээр амьдрах ёстой

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр дүүргийн Засаг даргатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Энэ удаагийн уулзалтаар хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх ажлын талаар хөндөж ярилцав.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан нийтийн их цэвэрлэгээг дүүрэг бүрт идэвхжүүлж байна. Мөн ирэх амралтын өдрүүдэд их цэвэрлэгээг эрчимжүүлэх ажлыг дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо.

Энэ үеэр хотын дарга С.Батболдоос дараах асуултад хариулт авав.

-Дүүргүүдийн тохижилтод хэчнээн төгрөгийн төсөв баталсан бэ?

-Нэг оршин суугчаас хэдий хэмжээний хог гаргахыг стандартаар тогтоосон. Бүх дүүргийн хот тохижилтод төсөв батлагдсан. Багахангай дүүрэгт хамгийн бага буюу 500 сая төгрөг төсөвлөгдсөн. Харин Чингэлтэй дүүрэгт 11 тэрбум төгрөг төсөвлөгдсөн нь хамгийн ихдээ орж байна. Хог хаягдлын менежментийг сайжруулах үүднээс хог хаягдлыг ялгах асуудал яригдаж байна. Дэлхийн бусад бүх хотууд хогоо ангилж ялгадаг. Улаанбаатар хотын хаягдлын ихэнх нь цаас байдаг. Тиймээс цаашид ажлын хэсэг гарган ажиллах хэрэгтэй байгаа зэрэг хийх ажлууд их бий.

-Төсөв мөнгийг нь тавиад байхад хогоо цэвэрлэхгүй байгаа дүүргүүдийн дарга нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Хог хаягдлын тухай хуулийн заалтаар байгууллага аж, ахуйн нэгжийг нэг сая хүртэл төгрөгөөр торгохоор заасан байдаг. Өвлийн улиралд цасан доороос их хог гарч байна. Энэ нь аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, иргэдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлсэн хяналт гарч байна. Хотын иргэд хотын иргэдийн дүрмээр ажиллаж, амьдрах ёстой гэдэг хатуу шаардлага тавьж байна. Хэн дуртай нь хогоо асгаад, хэн дуртай нь далан сэтлээд байна гэдэг бол зохимжгүй юм. Зөвхөн төр засгаас хариуцлагыг үүрэх биш иргэн ч өөрийн гэсэн хариуцлагаа ухамсарлах ёстой. 1,3 сая хүн амьдарч байгаа Улаанбаатар хот бол эрүүл хотын нэг байх ёстой.

-Дулааны улирал ирж байгаа энэ үед хот тохижуулах асуудал хэрхэн явагдах вэ?

-Хог хаягдлын асуудлаар иргэд болон сошиал мэдээллийн хэрэгслээр бидэнд мэдээлэл өгч байна. Мөн хяналтын байгууллага заавал үүнийг цэвэрлэх гэж даалгавар өгөхөөс өмнө цэвэрлэж байх чиг үүргийг баримтална. Улаанбаатар хотын хот тохижилтын ажил үндсээрээ өөрчлөгдөж байгаа. Бид ногоон байгууламжийн нягтралыг нэвтрүүлье гэсэн бодлого баримталж байна. Ихэнх газрыг зүлэгжүүлэх зэрэг хийх ажлууд их байгаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж