А.Навальныйг 15 хоног баривчилна

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

А.Навальныйг 15 хоног баривчилна

Москва хотын Тверийн дүүргийн шүүхээс сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд 15 хоногийн баривчлах шийдвэрийг Даваа гаригт /2017.03.27/ гаргалаа. Түүнийг өнгөрсөн Ням гаригт зөвшөөрөлгүй зохион байгуулагдсан жагсаалын үеэр хууль сахиулагчдад захирагдаагүй гэсэн үндэслэлээр баривчлах шийдвэр гаргажээ. Баривчлахаас гадна мөн 20 мянган рублийн мөнгөн торгууль ногдуулжээ.

Өнгөрсөн Ням гаригт ОХУ-ын томоохон хотуудад авлигыг эсэргүүцсэн жагсаалууд болж нийтдээ 1000 орчим хүнийг баривчлан саатуулсан юм. Гэхдээ цагдаагийн албан ёсны мэдээгээр 500 орчим хүнийг саатуулсан гэсэн зөрөөтэй мэдээ гарсан. Баривчлагдсан ихэнхийг тэр оройдоо суллажээ.

Алексей Навальныйгийн удирддаг Авлигатай тэмцэх сан Оросын улстөрчдийн эзэмшдэг хөрөнгийн талаар эрэн сурвалжилсан юм. Ялангуяа Ерөнхий сайд Дмитрий Медведевийн эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллүүдийг олж авсан юм. Энэ материалаараа баримтат кино хийн YouTube сувагт тавьсаныг нь 12 сая хүн үзсэн юм. Дмитрий Медеведийг дотоод болон гадаадад их хэмжээний үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, гэхдээ эдгээр хөрөнгө нь нь дандаа найзуудынх нь нэр дээр байдаг тухай өгүүлсэн юм.

Навальныйгийн ойрын хамтраг Леонид Волковт Моксва хотын Симоновийн дүүргийн шүүх мөн ижил үндэслэлээр 10 хоног баривчлах шийдвэрийг бас гаргасан байна. Леонид Волковыг Авлигатай тэмцэх сангийн байрнаас Ням гаригт баривчилсан юм. Ням гаригт болсон жагсаалыг энэ сангийн байрнаас интернэтээр шууд дамжуулж эхэлсэний дараахан хууль хяналтынхан очиж, уг байранд нэгжлэг хийн, тэнд байсан ажилтнуудыг баривчилжээ. Волковоос бусад ажилтнуудыг нэг долоо хоног баривчлах шийдвэр гарчээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж