Завхан аймгийн төрийн албан хаагч ажлаасаа халагдсанаас болж амиа хорлосон талаар "NEWS" агентлаг өмнө нь мэдээлсэн. Талийгаач бүсгүй тус аймгийн Идэр сумын Төрийн албаны асуудал хариуцсан мэргэжилтэн байсан бөгөөд энэ албанд 2015 онд томилогджээ. Тэрээр төрийн албан 28 жил ажилласан, 2015 оноос Төрийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон нэгэн аж. Амиа хорлосон төрийн албан хаагчийг яагаад ажлаас халсан талаар бид Завхан аймаг, Идэр сумын удирдлагатай холбогдоход “Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Харин бидэнд олдсон мэдээллээр Завхан аймгийн Идэр сумын Төрийн сангийн мэргэжилтэн сонгох сонгон шалгаруулалтыг 2015 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан бөгөөд тус шалгалтад гурван хүн өрсөлджээ. Тэднээс хамгийн өндөр оноог Н.Нямжав 73, Б.Одхүү 70, харин талийгаач С.Т 65,67 оноо авсан байна. Идэр сумын хуучин Засаг дарга н.Мөнххүрэл төрийн албаны шийдвэр, Төрийн албаны тухай хууль зөрчин 2015 онд талийгаач С.Т-г Төрийн албаны асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилсон байна. Гэвч Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны мэргэшсэн шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүнийг томилох хуулийн заалттай байдаг.
Төрийн албаны шалгалтад өндөр оноо авсан Н.Нямжав сумынхаа удирдлагад удаа дараа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй учраас аймгийн удирдлагад хандан 2016 оны арванхоёрдугаар сард гомдол гаргажээ. Уг гомдолд “Н.Нямжав нь 2015 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан мэргэжлийн шалгалтад орж, Идэр сумын төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд өрсөлдөн хамгийн өндөр оноо авч, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 90 дүгээр тогтоолын наймдугаар хавсралтаар тухайн албан тушаалд нэр дэвшсэн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 90 дүгээр тогтоолын дагуу тухайн ажлын байранд томилон ажиллуулах шийдвэр гаргаж, хариу ирүүлнэ үү” хэмээн Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлжээ. Тиймээс Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөл хамгийн өндөр оноо авсан Н.Нямжавыг Идэр сумын төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр авсан хүнийг томилох нь Төрийн албаны хуулийн дагуу үйлдэл болсон гэдгийг Төрийн албаны зөвлөлийнхөн ч хэлж байна.
Төрийн албаны тухай хуулийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасан байна.
Харин ар гэрийнхэн нь талийгаач С.Т-г ажлаасаа хууль бусаар халагдсанаас болж амиа хорлосон гэж үзэж байгаа юм. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, амиа хорлох болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Ш.ОЧ