Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан, 24 настай С хэмээх офицер фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг ашиглан, бусдыг залилан мэхэлдэг байжээ. Сошиал сүлжээ ашиглан бусдыг айлган сүрдүүлж байсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, түүнийг яллагдагчаар татсан байна.
Одоогоор яллагдагч С-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж буйг албаны эх сурвалж баталлаа.
Офицер С нь олон гишүүнтэй групп, пэйж хуудсанд “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулж, түүн дагуу хандсан иргэдийг шантаажлах зэргээр хохироож байжээ. Ийм төрлийн зарын дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж, хүчирхийлсэн тохиолдол ч байгаа аж. Тэрбээр мөн охидын нүцгэн зураг, дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулна гэх зэргээр сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь мөрдөн байцаалтын үеэр батлагдаад байна.
Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт зааснаар “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр түүнийг буруутган, эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Д.УУДАМ