”Хэцүү анги” кионы зураг авалтыг шөнийн цагаар хийжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

”Хэцүү анги” кионы зураг авалтыг шөнийн цагаар хийжээ

Дэлхийн театрын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 27-д тохиодог. Тиймээс уг тэмдэглэлт өдөрт зориулж “Мартагдсан танил” булангийн зочноор Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандахыг урьсан юм. Тэрбээр “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд Тэмүүний ээжийн дүрийг хэрхэн бүтээсэн тухай ярилцлаа.

Драмын театрын жүжигчин Б.Нармандах “Хэцүү анги” киноны гол дүрд санамсаргүй тогложээ. Тэрбээр телевизийн олон ангит кинонд анх удаа тоглохдоо гол дүрийн эзэн Тэмүүний ээжийн дүрийг бүтээсэн юм. Баян чинээлэг айлын эзэгтэйн дүр нийгмийн нэгэн төлөөлөл болдог. Энэ талаар жүжигчин хэлэхдээ “Нэг өдөр олон ангит киноны гол дүрд тоглох болсон. Тухайн үед найруулагч нь намайг тоглуулъя гэж шийдсэн байх. Би кинонд баян тансаг айлын эхнэрийн дүрийг гаргасан. Гэхдээ хүүгээ эрхлүүлж, дураар нь өсгөсөн нь миний дүрийн онцлог байв” гэсэн юм. Драмын театрын жүжигчин тэрбээр өөрийн үндсэн ажлаа хийхийн хажуугаар энэхүү кинонд тогложээ.

ШӨНИЙН ЦАГААР ЗУРАГ АВАЛТЫГ ХИЙЖЭЭ

2009 онд МҮОНТ-ээр цацагдсан “Хэцүү анги” олон ангит киноны зураг авалтыг шинээр баригдаж буй барилгад авчээ. Харин зураг авалтын шөнийн цагаар хийдэг байж. Учир нь ажилчид барилгын ажлаа 19.00 цагт дуусах үед жүжигчид зураг авалтанд ордог байсан байна. Жүжигчдийн хувьд ямар ч үед дүрээ гаргана. Харин миний харснаар кино багийнханд их хүнд байсан мэт санагдсанаа Б.Нармандах хэлсэн юм. Тэрбээр зураг авалтын үеэр босоогоороо унтаж байгаа оператор залууг хараад олон ангит киног хийхэд ямар хүнд байдгийг мэдэрчээ. Жүжигчин хүн 2-3 өдөр нойр муутай явсан ч дүрээ гаргах учиртай. Харин зураг авалтын талбайд байгаа оператороос эхлээд багийнханд бэрхшээлтэй байдгийг энэхүү киноноос харжээ. Учир нь кино зураг авалт барилгын ажил дуусах үед буюу 19.00 цагт эхэлдэг байсан байна. Театрт ажиллаж байгаа уран бүтээлчид хуваарьт жүжиг, сургуулилтаа дуусгаад зураг авалтанд ордог байсан учраас олон хоног нойр муутай явах ч үе тохиолджээ. Хичнээн ядарч байсан ч уран бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрэх үед л сэтгэл амар болдгийг уран бүтээлч хэлж байв.

ОЮУТАН БАЙХАД БИДНИЙГ КИНОНД ТОГЛУУЛАХЫГ ХОРЬДОГ БАЙВ

Б.Нармандах 1980-48 онд хуучнаар МУБИС-ийн кино драмын ангийг Г.Доржсамбуу багшийн удирдлагад төгсжээ. Тухайн үед тус сургуульд Л.Чаминчулуун, Н.Цэвээнравдан нарын багш нар Орост сургууль төгсөөд ирсэн үе байжээ. 80-аад оны оюутнуудын хувьд кинонд тоглох нь их ховор байж. Тухайн үед оюутнуудыг кинонд тоглуулахыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд их л дэгтэй байсныг Б.Нармандах онцолж байв. Хэрвээ кинонд тоглох юм “Тэр чигээрээ жүжигчин, дуучнаа хийгээд яваарай” гэж багш нараасаа зэмлүүлж байснаа тэр хэлж байв. Б.Нармандахын хувьд дуулдаг, бас хөтлөгч хийдэг байсан болохоор энд тэнд уригдах нь элбэг байдаг байж. Түүний хувьд оюутан байхдаа “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” кинонд Туяа бүсгүйн дүрийг бүтээжээ. Энэ кинонд тоглосны дараа Гавьяат жүжигчин Цэцгээ “Та нар кинонд тоглочихоод онгирч гүйгээд байв аа” гэж их захидаг байжээ. Тухайн үеийн оюутны хувьд кинонд тоглоно гэдэг аз завшаан байсныг тэр хэлж байв. Тухайн үеийн багш нар “Кинонд тоглосон биш зургаа авхуулсан” гэж яриарай гэж хэлдэг байжээ. Цэргийн амьдралыг харуулсан “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” кино тухайн үед Чех улсад болсон кино фестивалиас шагнал авч байсан байна. Б.Нармандах Д.Сүхбаатарын бага насны тухай өгүүлдэг “Үүр цайхын өмнө” кинонд Хятад эмэгтэйн дүрийг бүтээж, олон алдартай уран бүтээлчид тоглож байсандаа баярлаж байдгаа хэлж байв.

АРМИЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН Б.НАРМАНДАХ

Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийг жүжигчнээр төгссөн Б.Нармандах филармонид ажиллаж байжээ. 1987 онд Армийн драмын театр байгуулагдахад жүжигчин, хөтлөгч, дуучнаар ажилласан нь түүний уран бүтээлээ арвижуулах их замын эхлэл болсон байна. Тухайн үед шинээр байгуулагдсан Армийн театраас “Аянгын бороо”, “Худалч эхнэр” зэрэг олон уран бүтээл төрөн гарснаас гадна уран бүтээлчид ч хүчээ авч эхэлж байсан үе байж. Мөн сургууль төгссөн жүжигчин залуус Армийн театрт орохыг хүсдэг байсан зэрэг олон гэгээн дурсамжууд үлдсэнийг Б.Нармандах хэлж байв. Тэрбээр 1993 оноос Драмын театрын жүжигчин болж, өнөөг хүртэл ажиллаж байна. Жүжигчнээс гадна олон сайхан дууг амилуулсан уран бүтээлч маань Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Г.Эрдэнэбат нартай хамтран

Дорнын цагаан саран доор

Тэмээн сүргийн говьдоо

Унаган хайраа дурсацгаая тоглолтоо 1990-ээд онд толилуулж, хамтарсан уран бүтээлийн анхдагчийн нэг болж байжээ. Театрын жүжигчин Б.Нармандах олон кинонд дүр бүтээснээс гадна олон сонгодог дүрүүдийг театрын тайзнаа амилуулаад байна. “Мартагдсан танил” булангийн энэ удаагийн зочин маань Б.Нармандах биш “Хэцүү анги” киноны гол дүр Тэмүүний ээж байсныг энд онцлохыг зорьсон юм. Өдгөө театрын жүжигчин тэрбээр “Сонгодог жүжгүүд” өдрүүдийн хүрээнд тоглогдож буй “Парисын дарь эх сүм” жүжигт тоглож байгаа. Энэхүү жүжиг энэ сарын 30-ны өдөр Драмын театрын тайзнаа тоглогдохыг энэ дашрамд дуулгаж байна.


"ХЭЦҮҮ АНГИ" ОЛОН АНГИТ КИНО

Хэцүү анги — 2009 онд МҮОНТ-ээр цацагдсан олон ангит кино.

Киног бүтээсэн

  • Ерөнхий продюсер — Ц. Оюундарь
  • Зохиолч — А. Амарсайхан
  • Ерөнхий найруулагч — П. Ариунжаргал
  • Ерөнхий редактор — Д. Эрдэнэцэцэг
  • Ерөнхий зураглаач — Ж. Нямсүх
  • НайруулагчБ. Навчаа

Гол дүрийн долоон

  • Сүнжид — М. Саранцэцэг /СТА/
  • Тэмүүн — М. Баярбат
  • Гэрэл — П. Бадамцэцэг
  • Билгүүн — М. Наранмөнх
  • ЗулА. Ганчимэг
  • Дөлгөөн — Б. Батсайхан
  • Сувд — Э. Уянга

Бусад дүрд

  • Билгүүний аавБ. Жаргалсайхан /УГЖ/
  • Тэмүүний аав — А. Энхбаяр
  • Тэмүүний ээж — Б. Нармандах /СТА/
  • Хүслэн — Б. Анунгоо
  • Цэцэг — Г. Ариунтөгс
  • Гэрэлийн аавЖ. Сүххуяг /УГЖ/
  • Гэрэлийн ээжН. Отгонтогос /СТА/

 


 

Ингээд МҮОНТ-ийн олон ангит “ХЭЦҮҮ АНГИ” киноны хэсгээс та бүхэнд дахин өргөн баръя. Таалан болгооно уу?

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж