“Надад тэмцэхээс өөр арга зам үлдсэнгүй”

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

“Надад тэмцэхээс өөр арга зам үлдсэнгүй”

Баян-Өлгий аймгийн иргэн Х.Оразхан аймгийнхаа Хот тохижуулах албанд ажиллаж байгаад гуравдугаар сарын 10-нд халагджээ. Түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дугаар заалт, 40.5 дугаар заалтуудыг үндэслэн чөлөөлсөн байна. Ийнхүү ажлаас чөлөөлсний дараа нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгожээ. Одоогоор Х.Оразхан шүүхэд хандаад байгаа юм байна. Гэвч асуудал нэг тийш шийдэгдтэл цалингийн зээлээ төлж чадахгүй, амьдрахад хэцүү байгаа тул ирэх дөрөвдүгээр сараас суулт зарлахаар болжээ. Ингээд түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Та ямар учраас хэвлэлийнхэнд хандах болсон бэ? Наурызын дараа ганцаараа суулт зарлана гэж байсан. Яагаад суулт зарлах дээрээ тулав?

-Манай Баян-Өлгий аймагт нөхцөл байдал хүнд байна. Иргэдийг ажлаас нь хоморголон халсан. Дөрвөн жилийн өмнө ингэж халаагүй. Гэтэл одоо цэвэрлэгчийг хүртэл ажлаас гаргаж, чөлөөлж байна. Миний бие гурван жилийн өмнө Х.Баделхан даргад өргөдөл бичиж байж, хот тохижуулах албаны ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Цалингийн зээл аваад байшин барьсан. Гэтэл одоо ажлаас халлаа. Наурызын баярын дараа суулт зарлах төлөвлөгөөтэй байна. Үүнээс өөр арга алга. Асар их хүн ажлаас халагдсан, маргаан үүсгээд шүүх дээр явж байгаа. Зарим нь шүүхийн шимтгэл 70 мянган төгрөг төлөх чадваргүй болохоор заргалдаж чадахгүй байна.

-Та гэр бүлийн байдлаа танилцуулахгүй юу?

-Би нэг хүүхэдтэй. Манай эхнэр одоогоор багийн даргын туслах хийдэг. Гэтэл эхнэрийг маань хүртэл ажлаас гар гэж сүрдүүлсэн. Би үнэнээ хэлэхэд Ардчилсан намын гишүүн. Гэлээ гээд ажлаа цалгардуулж байсан удаагүй. Одоо ажилд авч байгаа хүмүүс нь удирдлагуудын хамаатан садан байдаг. Аймгийн Засаг дарга хүртэл өөрийн хувийн компанид ажиллаж байсан хүмүүсээ албан тушаалд томилсон. Надад тэмцэхээс өөр арга зам үлдсэнгүй.

-Та хэдэн төгрөгийн цалингийн зээл авсан юм бэ?

-Би найман сая төгрөгийн цалингийн зээл авч байшин барьсан. Одоо нэг сая гаруй төгрөгийн зээл төлөх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намынхан дэд сайдуудаа чөлөөлж байсан. Гэтэл одоо манай Баян-Өлгий манай аймаг хоёр дэд даргатай болсон. Бүх шатны орлогч дарга нарыг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Орлогч дарга нараа ажлаас чөлөөлөхгүй, ядарсан намайг халж байгаад нь барьцаж байна.

-Та хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?

-Би 600 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Гэхдээ цалингийн зээлээ төлөөд гар дээр 90 мянган төгрөг авдаг байсан.

-Та хаана, хэзээ суулт зарлах вэ?

-Би аймгийн төв талбай дээр Наурызын дараа дөрөвдүгээр сарын эхээр суулт зарлах төлөвлөгөөтэй байна. Хийх ажил байхгүй, мөнгө төгрөг байхгүй юм чинь тэмцэхээс өөр яах юм бэ. Миний ойр орчинд ажилгүй хүмүүс их байна. Ажил олдохгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж