Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан, 24 настай С хэмээх офицер фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг ашиглан, бусдыг залилан мэхэлдэг байжээ. Сошиал сүлжээ ашиглан бусдыг айлган сүрдүүлж байсан этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, түүнийг яллагдагчаар татсан байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас өнгөрсөн жил гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, гурван сарын хугацаанд хэрэгжсэн. Дээрх хугацаанд айл өрхүүдэд нийт хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Хөнгөлөлтөд хоёр тарифт тоолууртай 110.000 өрх айл хамрагдсан байна. Цаашид тоолуураа шинэчилж солиулснаар 37000 өрх шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой ажээ.
Москва хотын Тверийн дүүргийн шүүхээс сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд 15 хоногийн баривчлах шийдвэрийг Даваа гаригт /2017.03.27/ гаргалаа. Түүнийг өнгөрсөн Ням гаригт зөвшөөрөлгүй зохион байгуулагдсан жагсаалын үеэр хууль сахиулагчдад захирагдаагүй гэсэн үндэслэлээр баривчлах шийдвэр гаргажээ. Баривчлахаас гадна мөн 20 мянган рублийн мөнгөн торгууль ногдуулжээ.
Гуравдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт ослын буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоцыг одоог хүртэл засварлаж дуусаагүй байгаа. Тиймээс АНУ-ын талаас цэргийн зориулалттай С17 маркийн хоёр онгоцыг Монголд ирүүлж, шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлэхээр болсон байна. Онгоц энэ сарын 31-нд Улаанбаатарт буух зөвшөөрөл авчээ.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнгөрсөн Даваа гаригт (2017.03.27) Токио хотыг зорьсон. Тэрбээр Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор өчигдөр /2017.03.28/албан ёсоор айлчлалаа эхлүүлэв.
Дэлхийн банкны экспертүүд Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэд өчигдөр нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн бөгөөд бизнесийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гишүүдэд Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх механизмын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцжээ.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажлыг гүйцэтгэгч тал хийж эхэлсэн байна.