Сэргээгдэх эрчим хүч дэлхий дахины хөгжлийн тэргүүлэх шинэ бодлого болж байна. Уур амьсгалын өөрчлөлт, улс орнуудын агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах гэдэгт дэлхий дахин санал нэгдэж, энэ зүгт анхаарлаа хандуулах болсон. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт, дулаарал нь дэлхийн эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, хүмүүсийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж буй.
Монгол Улсын хувьд Дархан хотод анхны мегасолар нарны цахилгаан станцыг барьж, шинэ оны өмнө ашиглалтад оруулсан. Тус нарны цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг "Мон-илч", "Монхорус Интернешнл", "Цагаан хорол" ХХК гэсэн үндэсний компаниудтай хамтран гүйцэтгэсэн бий. Энэхүү нарны цахилгаан станц нь жил бүр 14,182 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн Төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.
ГЕРМАНД ХИЙМЭЛ НАРЫГ “МАНДААВ”
Дэлхий дээрх хамгийн том хиймэл нарыг Герман улсад бүтээж, сэргээгдэх эрчим хүчний салбарт том дэвшилт хийснээ зарлав. “Нарны гэрэл” төслийн хүрээнд Кёльн хотоос баруун зүгт орших Юлих гэх жижиг хотод хиймэл нарыг “мандаажээ”. Нийт 149 ширхэг прожектороос бүтэх хиймэл нар нь дэлхий дээр тусч буй байгалийн нарны гэрлээс 10 мянга дахин илүү хурц аж.
Германы сансар судлалын төвийн судлаач Бернард Хоффшмидтын хэлснээр хэрэв бүх гэрлүүд асаалттай үед хүн өрөөнд явж орох юм бол шууд шатах гэнэ. 3.8 сая ам.доллараар бүтсэн энэхүү хиймэл нар нь Герман улсын сэргээгдэх эрчим хүчний салбар дахь сүүлийн үеийн инноваци аж. Германы канцлер Ангела Меркелийн “Energiewende” бодлогын хүрээнд тус улс сэргээгдэх эрчим хүчид илүүтэй түшиглэн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулахаар зорьж байна.
Герман улс нь 2016 оныг хүртэл нарны эрчим хүчийг ашиглалтаар дэлхийд тэргүүлж байсан юм. 2014 оны байдлаар Герман улс Европын холбооны тэргүүлэх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байв. Европын холбооны сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний 18.4 хувийг Герман улс бүрдүүлдэг аж. Харин Хятад улс нийт 34 гигаваттын нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулснаар Германыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх болжээ. Хятад улс 2020 он гэхэд 361 тэрбум ам.долларыг сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөж байна.
“НОРВЕГИ -100% ЭКО”
Норвеги улс эрчим хүчний хэрэглээний 97 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс бүрдүүлдэг. Норвегийн эрчим хүчний эх үүсвэрийн ихэнх хувийг усан цахилгаан станцаар шийдвэрлэжээ. Гэхдээ эдийн засгийн хувьд нефть, химийн бүтээгдэхүүн “хаанчилсаар” байна. Тус улсын экспортын бараг тал хувь нь нефть, байгалийн хийтэй холбоотой. Иймд тус салбарт эко технологийг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Засгийн газрын бодлогыг дэмжин үйлдвэрлэгчид ч сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь нэмэгдэж, нефтийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Норвегийн түүхий нефтиэс олох орлого 2014-2015 оны хооронд 30 хувиар буурсныг статистикийн агентлаг мэдээлжээ.
ТРАМПЫН ШИЙДВЭР
Дэлхийн дахин бохир түлш гэгдэх нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахаар хичээж байхад АНУ-ын шинэ ерөнхийлөгч тэс өөр байр суурьтай байна. Тэрбээр АНУ-ын өмнөх тэргүүний үед хэрэгжүүлж байсан цахилгаан станцаас хүлэмжийн хийн ялгаруулалтыг хязгаарлахын тулд нэвтрүүлсэн тогтолцоог халах зарлиг гаргахаар төлөвлөсөн нь шүүмжлэл дагуулжээ. Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама 2015 онд дулааны цахилгаан станцуудаас гарах нүүрстөрөгчийн давхар исэлийн ялгарлыг багасгах зорилготой “Цэвэр эрчим хүчний төлөвлөгөө” санаачилгыг нэвтрүүлж эхэлсэн байдаг. Тэгвэл уг санаачилга хуульд харшилсан гэдэг шалтгаанаар АНУ-д үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд дахин нүүрсний ажиллагаанд эргэн шилжүүлэхээр зарлигт тусгагдсан аж. Обамагийн цэвэр эрчим хүчний төлөвлөгөөнд АНУ-ын цахилгаан станцууд нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг 2030 он гэхэд 32 хувиар бууруулж, 2005 оны хэмжээнд хүргэхээр тусгасан юм. Энэхүү төлөвлөгөөнд жилд 8.4 тэрбум ам.долларыг зарцуулах тооцоо гарчээ. Гэхдээ олон нийтийн эрүүл мэнд, цаг уурын ач холбогдлыг авч үзвэл 2030 он гэхэд тус төлөвлөгөөний ачаар 34 тэрбум хүртэл ам.долларын ашиг хүртэх аж. Обамагийн төлөвлөгөөг цуцалснаар АНУ Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээний зорилтод хүрч чадахгүй юм. 2010 оноос хойш АНУ-д 250 нүүрсний станцууд ашиглалтаас гарч, нүүрсний хэрэглээ түүхэн доод хэмжээнд хүрсэн юм.
Б.ТУЯА