Намууд аа, ичиж амьдаръя

Хуучирсан мэдээ: 2017.03.29-нд нийтлэгдсэн

Намууд аа, ичиж амьдаръя

Улс төрийн намуудын, улстөрчдийн ой санамж загасныхаас ч богинохон гэдгээ үргэлж баталж байдаг. Энэ “өвчин” Ардчилсан намынханд ч, Монголын Ардын намынханд адилхан халдварлачихаад байгаа. Угтаа намууд засгийн эрхээс буусныхаа дараа олон нийтэд таалагдахын тулд өмнөх урдахаа мартаж, санах нь гэм биш зан болсон юм.

Үүний нэг жишээ бол бонд тойрсон хэрүүл. Жижиг улсын зовлон их гэгчээр өмнө, хойно гарсан бонд тойрсон хэрүүл гадаад ертөнцөд үргэлжид Монголын эсрэг сөрөг сурталчилгаа болсоор ирсэн.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдаас зээлсэн 580 сая ам.долларын өрөө төлсөн мэдээллийг гадаад ертөнцөд сайнаар хүлээж авсан бол Ардчилсан намынхан улс төр болгон хувиргаж байна. Тухайлбал, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Хуралдай” бонд гаргаж төлсөн нь өрийг өрөөр дарсан хэрэг. Евро бондын хувьд 5.75 хувийн хүүтэй байсан, сая гаргасан Хуралдай” бонд нь 8.75 хувийн хүүтэй. Хүүний зөрүүнээс 358 сая ам.долларын хохирол учирч байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Сөрөг хүчин байхдаа уран гоё донгодож, эрх барингуутаа эсрэгээр нь аашилдаг Монголын намууд, монгол улстөрчид иргэдийг өөрсөд шигээ бодож байгаа бол ичиж амьдарсан нь дээр биз дээ.

Үнэндээ өнгөрсөн 2016 оны гуравдугаар сард буюу өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Ардчилсан намын Шийдлийн засаг “Мазаалай” бондыг  олон улсын хөрөнгийн зах зээлд арилжиж, 10 хувийн хүүтэй 750 сая ам.долларыг зээлж байсан юм.

Тэгвэл эдийн засагт орж ирэх долларын урсгал татарч, улс орны зээлжих зэрэглэл дараалан буурч, өр зээл төлөх хугацаа тулсан, тулгамдсан цаг үед 8.75 хувийн хүүтэй бондыг гаргаж, өрөө дарсан нь яриа хэлэлцээ шаардсан том ажлын ард гарлаа гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд Монголын эдийн засаг дахь өрийн дарамт сулрахгүй. Ирэх оны нэгдүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларын зээлийн төлөх шаардлагатай болно.

Монголын улс төрийн намууд хоёр нүүртэй гээд хэлчихэд буруудахгүй. Засгийн эрх барьж байхдаа ярьж хэлж байсан үгээ сөрөг хүчин болонгуутаа мартчихдаг. Сөрөг хүчин байхдаа ярьсан, шүүмжилсэн болгоноо эрх барих үедээ идсэн бялуутайгаа хольчихдог үзэгдэл бараг бичигдээгүй хууль мэт үйлчилдэг болсон. Уг нь харыг нь хараар нь, цагааныг нь цагаанаар нь сануулж, үлдээж байвал улс орондоо ч хэрэгтэй.  Монголчууд “муу нуухаар сайн илчил” гэж ярьдаг.

Сөрөг хүчин байхдаа уран гоё донгодож, эрх барингуутаа эсрэгээр нь аашилдаг Монголын намууд, монгол улстөрчид иргэдийг өөрсөд шигээ бодож байгаа бол ичиж амьдарсан нь дээр биз дээ.

Улстөрчдийн ой санамж загасныхаас богино байж болох ч иргэд тийм биш шүү гэдгийг энэ дашрамд ярьсан хэлсэнээ залгидаг, мартдаг, санадаггүй улстөрчдөд сануулчихъя.

 Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж