Мэргэжлийн Засгийн газар байгуулагдан ажилласнаас хойш найман сар болж буй. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албаныхантай уулзах үеэрээ тайлагнаж, зарим эерэг нааштай үр дүнгүүд гарч эхэлснийг тодотгосон. Харин Ардчилсан намын зүгээс шинэ Засгийн газар байгуулагдаад найман сар болж байж, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр ажиллаагүй гэх дүгнэлт хийгээд буй.
Энэ асуудлыг “VS” буландаа хөндөж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай нарын байр суурийг онцоллоо.
![]() | ![]() | |
Ж.ЭРДЭНЭБАТ |
| О.МАГНАЙ |
Биднийг ажил авахад Монгол Улсын төсвийн алдагдал дэлхийн олон орны хувьд тааруухан жишээ болж, яригдаж байлаа. Энэ бол Монгол Улсын мөнгө, ард түмний төлсөн татварыг хяналтгүй, дур зоргоороо цацаж ирсний гор юм. Жишээ нь, 2012-2016 онд Хөвсгөл аймгийн төвд 7 км замыг долоон тэрбум төгрөгөөр тавьсан байхад, үүнтэй яг адилхан нөхцөл, хэмжээтэй 7 км замыг Архангай аймагт 3 дахин их өртгөөр буюу 21 тэрбум төгрөгөөр тавьсан. Үүний зөрүү мөнгө хаашаа орсон бэ?. Өнгөрсөн жилүүдэд манай эдийн засаг ёроолдоо тултлаа унасан. Хямрал, өрийн энэ ангалаас бид өөрсдийн чармайлт оролдлогоор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын засаглал, санхүү, банкны систем сахилгажина. Олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын рейтинг, зээлжих зэрэглэл сэргэнэ, дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, хувийн хэвшлийнхний бизнест ахиц гарна. Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, эрх ашгийг нь хамгаална. Бид ажил авсны дараагаас эдийн засгаа сэргээх, төсөвт хэмнэлт хийх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогыг шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. Үр дүн ч гарч байна. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа өсөлттэй гарсан нь манай Засгийн газрын хүлээж авсан хүнд үеийн хямарсан эдийн засагтай харьцуулахад чамлахааргүй үзүүлэлт юм… 2017 оны гуравдугаар сард төлөх 580 сая ам. долларын өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдлээ. Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулна. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирнэ. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно. |
| Өнгөрсөн долоо хоногт төлж дууссан 580 сая ам.долларын бондын төлбөр бол 2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын Ерөнхий сайд Сү.Батболдын гаргасан Евро бондын өр юм. Энэ өрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Хуралдай” бонд гаргаж төлсөн нь өрийг өрөөр дарсан хэрэг. Евро бондын хувьд 5.75 хувийн хүүтэй байсан, сая гаргасан Хуралдай бонд нь 8.75 хувийн хүүтэй. Хүүний зөрүүнээс 358 сая ам.долларын хохирол учирч байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад найман сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодитой шийдэл нэгийг ч гаргасангүй. Энэ бүхнийгээ субботник хийлээ гэж дүгнэсэн байна. Ерөнхий сайдыг субботник хийлгэх гэж сонгодоггүй, бодлого боловсруулж, шийдвэр гарга, эдийн засгийн өсөлтийг дэмж гэж гаргадаг. Мөн Ардчилсан намын үед Чингис бондыг салхинд хийсгэсэн гэж мэдэгдсэн. Тийм зүйл байхгүй. 2012-2016 оны үед Ардчилсан нам хамтарч засаг барьж байсан. Голлох экспортын бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн ханшнаас 2-5 дахин унасан байсан. Энэ үед Ардчилсан нам тухайн үеийн МАН-ын халамжийн зорилгоор зээлсэн Оюутолгой, Чалько зэрэг компаниас зээлсэн нийт төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан. Чингис бондоос гаргасан 1.5 тэрбум ам.долларын хувьд 21 аймгийг авто замаар холбох төсөл хэрэгжсэн. ТЭЦ 3, 4-ийг өргөтгөсөн, 80 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Цаашид МАН энэ мэт худал мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийхээ зогсоох хэрэгтэй. Эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед МАН 2016 оны сонгуульд иргэддээ амласан амлалтаа биелүүлж, өрийг өрөөр дарах биш, эдийн засгийн өсөлтөө хангаж өр, зээлээ дарах ёстой.
|
Бэлтгэсэн Г.ХОРОЛ