Дулааны улирал ирж, цас хайлмагц өвөл нь хаясан хогоор гэр хорооллын жалга дүүрдэг үзэгдэл жил бүр тулгардаг.
Ил хаясан хог хаврын салхинд хийсч, гудамж талбайг бохирдуулах нэг үндэс болдог билээ. Харин энэ жил нөхцөл байдал ямар байгаа бол?
Иргэдийн ярьж заншсанаар “Нарангийн гол”, Сонгинохайрхан дүүргийн 2-р хороог зорилоо. Биднийг очиход замын хажуугаар болон жалгаар хаясан ил хог нэг их байсангүй. Харин айл бүр хашааныхаа гадаа 2-4 шуудай хог бөөгнүүлэн, хог ачигчид авч явахад бэлтгэн тавьсан байлаа. Хажуугаар өнгөрч явсан залуусаас ойр орчмын хог хаягдлын талаар асуухад, “Жалганд нэг их хог байхгүй дээ. Байсныг нь цэвэрлэчихсэн” гэж хариулав.
Харин хашааны гадаа эгнүүлэн тавьсан хогны талаар тус хорооны оршин суугч Д.Нэргүй “Манай эндхийн айл бүр ингэж тавиад хэвшчихсэн юм. Хэн хог хаягдалтай газар амьдрахыг хүсэхэв дээ. Харин хогны машин ирэх тоо бага болоод байгаа. Цагаан сарын дараа нэг ирсэн. Тэрнээс хойш одоог хүртэл байхгүй л байна” гэлээ.
Энэ мэтчилэн зөрж өнгөрсөн хүн болгоноос хогны машин талаар асуухад, “Ирэхгүй удаж байгаа” талаар хэлж байсан юм.
Үнэхээр тэдний хэлж буйгаар машинаа “харуулдсан” хогоор эндхийн гудамж дүүрчээ. Хорооны ажилчид “Хог ачих зориулалттай хоёр машин нэг ээлжиндээ 12 гудмыг самнан, сардаа хоёр удаа тойрч, бүх айлыг хамардаг” гэж тайлбарласан. Гэхдээ энэ нь бодит байдлаас зөрж байгааг иргэд ярьж байна.
Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны иргэд хог хаях зөв дадалд хэвшсэн нь илт байсан хэдий ч энэ ухамсрыг нь дэмжих хорооны ажилчдын санаачилга үгүйлэгдэж байгаа санагдав. Цаашлаад гэр хорооллын өрх бүр энэ дадалд хэвшчихвэл “Хоггүй Улаанбаатар” гэдэг ойлголтод иргэд бага боловч суралцаж, ухамсарлаж байгаа байдал ажиглагдлаа.
Г.ТҮШИГ