Сүүлийн зургаан жил үзэгдээгүй хүчтэй хар салхи Австралийн зүүн эргээр өчигдөр /2017.03.28/ дайрлаа. Дебби нэртэй энэ хар шуурганы хурд цагт 263 км хүрчээ. Цаг уурчид өмнө нь салхины хурдыг 250км/цаг гэж тооцож байсан юм.
Шуурга дайрсан газруудын эрчим хүч тасалдаад байна. Аврах албаны мэдээгээр нэг эмэгтэй машины ослын улмаас амь эрсэдсэн байна. Бас нэг эрэгтэй байшингийн нурсан ханад даруулж хүнд гэмтжээ.
Шуурганы цөм хэсэгт 50 км-ийн тойрогт хүчтэй бороо асгарсан нь тооцоолж байснаас илүү хохирол учруулсан байх магадлалтай хэмээн үзэж байна. Ихэнх байшин барилгын цонх хагарч, дээвэр хууран унаснаас гадна, гудамжны мод олноор үндсээрээ булгаран унасан байдалтай байгаа ажээ.
Зүүн эрэг хавийн төвлөрсөн суурин газрын иргэдийг цаг тухайд нь сэрэмжлүүлэн нүүлгэн шилжүүлсэн учраас хүний амь бараг эрсэдсэнгүй.
Болзошгүй аюулаас сэргийлэн зүүн эрэг хавийн хэд хэдэн нүүрсний уурхай ажлаа түр зогсоогоод байна.
Салхины хүч хараахан намжаагүй байгааг засаг захиргааны зүгээс сануулж байгаа юм.
А.ТУЛГА