Л.Батжаргал: Цемент ихэддэггүй, эндээс үнэ буурч чанарын сонголт хийх гарц эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Л.Батжаргал: Цемент ихэддэггүй, эндээс үнэ буурч чанарын сонголт хийх гарц эхэлнэ

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа ч салбарынхан шинэ тутам төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Бүтээн байгуулалт, барилгын материал, үйлдвэрлэл салшгүй холбоотой. Энэ тухай Барилга хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалтай ярилцлаа.


-Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Бодлогын түвшинд хэрхэн ажиллахаар төлөвлөөд байна вэ?

-Барилгын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулаад ажил их байна. Энэ жил эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад барилгын салбар зогсонги байдалд байгаа нь гол асуудал болоод байгаа юм. Иймээс салбарын ажиллах хүчийг ажилтай, орлоготой байлгахад анхаарч, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хөдөлгөх чиглэлийг баримталж ажиллаж байгаа. Үүний тулд бүтээн байгуулалтыг дэмжих, худалдан авах чадамжийг бий болгох гэсэн хоёр үндсэн гаргалгаа бий. Бүтээн байгуулалтыг дэмжихийн зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн концепцийг шинэчлээд барилга угсралтын байгууллагууд, барилгын материал үйлдвэрлэгчид, гэр хорооллын орлого багатай иргэдийн ашиг сонирхлыг нийцүүлсэн хувилбар боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, гэр хорооллын дэд бүтцийн тулгамдсан асуудлыг хэсэгчлэн шийдэж, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад ипотекийн зээл олгох талаар Азийн хөгжлийн банкны шугамаар судалж байна.

-Бүтээн байгуулалтын ажилтай барилгын материалын үйлдвэрлэл салшгүй холбоотой. Ялангуяа барилгын гол материалуудын үйлдвэрлэлийг төр бодлогоор хэрхэн дэмжих вэ?

-Монгол Улсын эдийн засаг дандаа энэ хэвээрээ зогсонги байхгүй. Ойрын 2-3 жилд эдийн засаг сэргэж, бүтээн байгуулалтууд өрнөнө. Гэтэл барилга угсралтын ажлын цар хүрээнд нийцсэн барилгын материалын үйлдвэрлэл байхгүй тул импортын материалаар барилга барьсаар байгаа. Иймээс барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг салбарын яамнаас баримталж байна. Нэг үеэ бодвол зарим материалаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадал бий болсон тул ажлын байрыг олноор бий болгосон, импортыг орлож, экспортод чиглэсэн, эдийн засгийн үр өгөөж нь тодорхой томоохон төслүүдийг салбарын яамнаас дэмжин ажиллаж байна. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихдээ түүхий эдийн эзэмшил, дэд бүтэц, зам тээврийн асуудал зохистой түвшинд шийдэгдсэн, ирээдүйн үр өгөөж нь маш тодорхой төслүүдийг дэмжих чиглэл баримталж, зарим төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна.

-Ялангуяа цементийн томоохон үйлдвэрүүд ашиглалтад орсон. Улсын нийт хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчид хангахуйц хэмжээнд хүрсэн. Гэвч зам тээвэр, дэд бүтцийн асуудлаас болоод алслагдмал аймгуудын хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байх шиг?

-Хөтөлийн цементийн үйлдвэрт шинэчлэл хийж 2014 онд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болгож байсан бол Дорноговь аймагт “МАК” ХХК, “Монцемент бюлдинг материалс” ХХК-ийн тус бүр нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр байгуулагдаад байна. Төв аймгийн Сэргэлэн суманд Хятад улсын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” ХХК-ийн жилд нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр ашиглалтад орсон. Эндээс дээрх үйлдвэрлэлээр Монгол Улсын цементийн хэрэгцээ бүрэн хангагдахаар харагдаж байна. Гэтэл таны хэлснээр төвийн бүсээс алслагдсан аймгуудад зам тээвэр, дэд бүтцээс шалтгаалаад цементийн үнэ маш өндөр болдог. Баруун аймгуудад одоогийн байдлаар нэг тонн цементийн үнэ 270-300 мянган төгрөг байгаа нь Улаанбаатараас хоёр дахин үнэтэй байгаа юм. Энэ дашрамд хэлэхэд УИХ-ын чуулган дээр зарим гишүүн хэтэрхий их цемент үйлдвэрлээд байна гэж шүүмжилж байсан. Бодит байдал дээр “Тэгвэл яагаад цемент импортлоод байгаа юм бэ” гэсэн асуулт бий. Тэгэхээр товчхондоо “Цемент ихэддэггүй, эндээс үнэ буурч чанарын сонголт хийх гарц эхэлнэ” гэдэг байр суурийг илэрхийлэхэд буруудахгүй болов уу.

-Ер нь барилгын материалын үйлдвэрлэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлын тухайд ямар бодолтой байна вэ. Тухайлбал, баруун бүсийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангахуйц хүчин чадал бүхий цементийн үйлдвэр ашиглалтад орох асуудал яригдаж байгаа шүү дээ. Баруун бүсэд үйлдвэр үнэхээр шаардлагатай юу?

-Баруун бүсийн цементийн хэрэглээ ерөнхийдөө жилд 200 орчим мянган тонн байдаг. Энэ тоо хэмжээ цаашид нэмэгдэх нь гарцаагүй. Тус бүс нутгийг цементээр хангах асуудал социализмын үеэс яригдаж байгаад 1990-ээд оны эхээр Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр цементийн жижиг үйлдвэр байгуулсан байдаг. Гэвч тус үйлдвэр нь халуун орны технологитой тул манай нөхцөлд тохироогүйгээс цемент огт үйлдвэрлээгүй юм билээ. Бүсчлэн хөгжүүлэхийн тухайд баруун бүсийн аймгуудыг цементээр хангах хамгийн тохиромжтой байршил нь тээвэрлэлтийн зай, хэвтээ, босоо замын сүлжээн дээр байрласнаараа Ховд аймагт үйлдвэр байгуулах нь хамгийн зөв гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан. Тухайн бүс нутгийн хэрэгцээг хангахын тулд орон нутгийн түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцөд тулгуурлан, барилгын материалын үйлдвэрийг барьж байгуулдаг. Иймээс цементийн үйлдвэрийн тухайд орон нутгийн шохойн чулууны ордын нөөц болон бусад түүхий эдийн нөөц, байршил, эзэмшлийг бас харгалзах нь зүйтэй.

-Баруун бүсийн хэрэгцээг хангахуйц цементийн үйлдвэр Ховд аймагт барих төслийг “Вестерн Холд” ХХК эхлүүлсэн. Үйлдвэр баригдсанаар ямар ач холбогдолтой вэ?

-“Вестерн Холд” ХХК нь баруун бүсийн хэрэгцээг хангах жилд 200-250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, байгаль орчны үнэлгээгээ хийлгэж, тодорхой бэлтгэл ажлуудыг хийгээд байгаатай танилцлаа. Энэ төсөл хэрэгжсэнээр тус бүс нутагт цементийн үнэ буурч, барилгын өртөг, зардал багасна, ажлын байр бий болох дүр зураг харагдаж байна.

-Импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд юунд анхаарах шаардлагатай вэ?

-Манайд 100 хувь импортоор авдаг барилгын материал, бүтээгдэхүүнүүд олон байна. Эдгээрээс барилгын хавтгай шилний үйлдвэрийг байгуулах асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан тул салбарын яам энэ чиглэлд анхааран төслүүдийг судалж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор татвар, тарифын бодлогоор дэмжих чиглэл баримталж байгаа. Барилгын материалын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг жижиг, дунд үйлдвэрийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад хамруулахаар боломжийг ч мөн эрэлхийлж байгаа.

Барилгын салбарт тэр дундаа барилгын материалал үйлдвэрлэлд төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах шаардлагатай вэ?

-Барилгын салбар бол хувийн хэвшлийнхний нуруун дээр тогтдог. Иймээс аль болох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах шаардлагатай. Манай яам гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтцийг нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ нь салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа дэмжлэг гэж ойлгож болно. Мөн манай үйлдвэрлэгчдийн дийлэнхи нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг. Том хэмжээний бүтээн байгуулалтыг жижиг, дунд үйлдвэрлэлээр хангахад үйлдвэрлэгч дангаараа ажиллах боломжгүй. Иймээс энэ төсөл нь жижиг, дунд үйлдвэрлэлийг давхар дэмжсэн бодлого байгаа. Үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэлд тулгамдаад байгаа асуудлаараа салбарын яаманд хандаж болно. Г.Мөнхбаяр сайд ажлаа авснаас хойш барилгын салбарынхантайгаа хэд хэдэн удаа уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, хувийн хэвшлийнхэний санал хүсэлтийг сонсон, ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

-Үйлдвэрлэл гэхээр бараа, бүтээгдэхүүний чанарын асуудал яригддаг шүү дээ. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Барилгын чанар материалын чанараас хамаардаг тул барилгын материал бүтээгдэхүүний чанарын асуудлыг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай. Энэ тал дээр өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй асуудал бол барилгын материалын хөндлөнгийн хяналтын иж бүрэн сорил, шинжилгээний лабораторийн асуудал байгаа. Барилгын материалын лабораторийн чадавхийг сайжруулах чиглэлээр бусад орнуудын техник туслалцааны төсөл, хөтөлбөрийг татах чиглэлд анхааран ажиллаж байна. Мөн үйлдвэрийн дотоод хяналтын асуудлыг орхигдуулж болохгүй. Дотоод хяналтын асуудлыг журамлан мөрдүүлэх шаардлагатай юм.

-Нэгэнт салбарын яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргатай уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нь. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Ипотекийн зээл хэвийн үргэлжлэх үү?

-Ипотекийн зээлийг шинээр зээл олгоход санхүүжилт нь яаж бүрддэг вэ гэдэг нь эхний асуудал. Юуны өмнө сар бүр өмнөх сарын эргэн төлөлтөөс 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирснээр санхүүжилтийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа ч энэ нь эрэлтээ гүйцэхгүй хүлээлтийг үүсгэж байна. Жишээ нь арилжааны банкнаас ипотекийн зээлийн шийдвэр гарсан ч санхүүжилтээ хоёр, гурван сар хүлээх тохиолдол гарч байгаа юм. Өнгөрсөн онд 7-10 дугаар сард ипотекийн зээл зогссоноос орон сууцны зээлийн шийдвэрүүд хуримтлагдсан байсан. Үүн дээр нэмж ипотекийн зээл олгох шийдвэрүүд гарч байна. Иймд ипотекийн зээлийн шийдвэр гарсан ч санхүүжилт хүлээх явдал байгаа юм. Арилжааны банкууд дээр ипотекийн зээлийн төлөлт нь хувь тэнцүүлэх зарчмаар төлөгддөг учраас цаашдаа эх үүсвэр байнга өссөөр байна. Мөн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналд Сангийн сайдын багцад 111 тэрбум.төгрөгийг ипотекийн зээлд нэмж олгохоор тусгаад энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж санхүүжүүлэхээр тооцоолж байна. Дашрамд дурдахад, Монголын эдийн засаг дахь ипотекийн зээлийн явц, үүргийг ОУВС өндрөөр үнэлж байгааг сануулахад илүүдэхгүй болов уу.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж