Ассам Хадхадын хувьд аз жаргалтай амьдралыг бий болгох хоёр л жор бий. Энх тайван ба шоколад. Цагийн сайханд Дамаск хотод тэргүүлэх зэргийн амт сайтай шоколад үйлдвэрлэгч байсан Сирийн дүрвэгч эр харин одоо шинэ эх орон Канаддаа мөрөөдлөө биелүүлж, аз жаргалыг мэдэрч яваа гэнэ.
Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Сири дэх Хадхадын компанийн ямар ч машин техник ашиглаагүй, гар ажиллагаагаар нямбайлан үйлдвэрлэсэн шоколад дэлхийн өнцөг булан бүрд хүрч байлаа. Харамсалтай нь дайны хөлд тэр бүхнээ алджээ. Аргагүйн эрхэнд дасал танил болсон бүхнээ орхиод гэр бүлийн хамт Канад руу дүрвэхэд хүрсэн байна. Харин шинэ нутагт тэд амархан идээшиж, Канадад хөл тавьснаасаа хойш долоон сарын дараа Хадхад өөрийн сурч мэдсэн, хийж дадсан зүйлээ дахин эхлүүлжээ. Тэрбээр Канадын Нова Скоша мужийн Антигониш хотод гар аргаар хийсэн шоколадны жижиг кафе нээсэн байна. “Peace by Chocolate” нэртэй түүний кафе 4000 гаруй оршин суугчтай жижиг сууринд маш хурдан алдаршиж, одоо бол Канад даяар алдартай болжээ. Онлайнаар ч захиалга авч, хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн гэнэ.
“Сириэс явахдаа л бид энх тайван гэдэг амьдралын ямар чухал зүйл болохыг ухаарсан” гэж Ассам Хадхадын ууган хүү Тарек ярьжээ. “Бид зөвхөн шоколад үйлдвэрлэдэггүй. Бид энх тайвныг цогцлоохын төлөө ажиллаж байгаа. Шоколад идээд бага ч болов аз жаргалыг мэдэрдэг гэж аав маань итгэдэг” гэж тэр ярьсан байна.
Канадын зүүн эргийн жижигхэн шоколадны кафе одоо байнгын үйлчлүүлэгчтэй болж, өдөр бүр кафен үүдэнд урт дараалал үүсэх болжээ. Канадын ерөнхий сайд хүртэл зочилж, шоколад амталсан гэнэ.
Хадхад хэдийнээс шоколаданд дуртай нэгэн байж. 1980-аад онд Ассам Хадхад Дамаскийн номын сангаас шоколад хэрхэн хийх тухай ном авч уншдаг байжээ. Боломж л гарвал шоколадаар “тоглож”, элдвийг турших болж, нэг л мэдэхэд өөрийнх нь хобби бизнес хийх хэмжээнд хүрсэн гэнэ.
Ингээд Ассам өөрийн гэсэн жор гаргаж, какаоны үрийг хэрхэн хайрч, нунтаглах, хэрхэн өвөрмөц, тааламжтай амттай болгох гээд элдвийг туршиж, өдрөөс өдөрт гаршжээ. 1990-ээд оны эхээр Ассам 30-аад ажилчинтай шоколадны үйлдвэрээ Дамаскт нээсэн гэнэ. Удалгүй шоколадаа Ойрхи Дорнод, Европын орнууд руу экспортолж эхэлжээ. Өдөрт хэдэн тонн шоколад үйлдвэрлэж, Ойрхи Дорнод дахь шоколадны хоёр дахь том үйлдвэр болж өргөжсөн байна.
Гэхдээ нэг л хормын дотор бүгд өөрчлөгджээ. 2013 оны тэр нэг өдөр үйлдвэр нь пуужингийн дайралтад өртөж, сүйрчээ.
“Бид бүхнээ алдсан. Гэр орон маань ч сүйрсэн. Дамаск дахь манай гэр бүлийн байшин бөмбөгдөлтөд өртөж, юу ч үгүй үнс нурам болсон” гэж Тарек ярьжээ. Дайн дажнаас зугтахдаа Хадхадын гэр бүлийнхэн Сирийг орхиж, олон сая сиричүүдийн адилаар Ливаны дүрвэгсдийн кэмпэд толгой хорогдох болсон байна. Гурван жилийг тэнд өнгөрүүлсний эцэст Канад улс тэднийг хүлээн авахыг зөвшөөрчээ. Ингээд Хадхадын гэр бүлийнхэн цоо шинэ, халуун дулаан, аюулгүй, аз жаргалтай амьдралаа Канадад эхлүүлэхээр шийдсэн байна. “Одоо бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс оронд хүний дайтай амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа” Тарек ярьжээ.
С.ЦЭЛМЭГ