“Бид нухацтай ярилцсаны эцэст тэр олимпод дахин бэлдэхээр болсон. Гэхдээ бэлтгэлээ хэр сайн хийж чадах нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан тэр эргэж барилдах талаар албан ёсны гэрээ хийчихсэн” гэж Миндиашвили ярьсан байна. Сайтиев одоогоор Краснояркст тусдаа бэлтгэл хийж байгаа аж.
“Өмнө нь чөлөөт бөхөөр хэн ч олимпийн таван наадамд барилдаж медаль авч байгаагүй. Тиймээс тэр барилдвал үнэхээр том дуулиан дэгдэнэ. Ийм алхам хийхээр зориглоно гэдэг амаргүй. Гэхдээ миний бодлоор түүнд боломж багагүй бий. Тэр олимпийн гурав дахь алтаа тун хялбар хүртчихсэн. Тамирчид арай ядан алтан медаль авсандаа баярладаг байтал тэр бараг инээж байгаад л авчихсан. Тэр эрч хүчтэй, мэхтэй, зоригтой бөх. Ур чадварынх нь талаар бол яриад ч хэрэггүй биз” хэмээн багш нь ярьсан байна.
Түүнчлэн Бээжингийн олимпийн өөр нэг аварга АНУ-ын Хенри Сехудо бас л гурван жил шахуу барилдаагүй мөртлөө Лондонд зодоглох тухай бодлоо дэлгэжээ. Түүний олимпод барилдах шалтгаан ээжээс нь улбаатай гэнэ. 2008 онд хүүгээ олимпийн аварга болох үед ээж нь АНУ-ын иргэншлээ авч чадаагүй байсан бөгөөд одоогоос ердөө сар гаруйн өмнө нь паспорттой болж хил давах эрхтэй болжээ. Тэгтэл хүү нь Лондонд очиж намайг дахин аваргалахыг хараарай хэмээн урьсан байна.