Францын импрессионистууд зураач нарын бүтээлд онцгой нөлөө үзүүлсэн байдаг. Агшин зуурын сэтгэгдлийг зурагт буулгах тэрхүү туршилтуудаас армянчууд хоцроогүй юм.
Москва хотноо Армяны импрессионизмын онцлох төлөөлөгчдийн уран зураг бүхий танилцуулах үзэсгэлэн Оросын импрессионизмын музейд энэ сарын 25-нд нээгджээ.
Армяны үндэсний уран зургийн галерей, Ереван дахь Оросын дүрслэх урлагийн музей хамтран энэ удаа Москвад Валентин Серов, Константин Коровин нарын шавь Мартирос Сарьян, Армяны зураачдын эвслийг үндэслэгч Егише Тадевосян болон түүний шавь Седрак Аракелян, Их театрын засал чимэглэлийн ажилд Коровины хамт ажиллаж байсан Ваграм Гайфеджян нарын 20 зураачийн олонд төдийлөн танил болоогүй бүтээлүүдийг авчирчээ.
“Армяны импрессионизм, Москвагаас Парис хүртэл” нэртэй энэхүү үзэсгэлэнд нийт 58 зургийг дэлгэж байгаа бөгөөд зураг бүр импрессонизмын гэрлийн дамжуулалтаар орчны давташгүй өнгийг харуулах ажээ. Тэд Москвагаас Парис хүртэл туулсан замынхаа сэтгэгдлийг бүтээлдээ буулгасан байна.
Үзэсгэлэн зургадугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР