Еврокомиссийн ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Европын дэлхийн зах зээлд эзлэх эдийн засгийн үүрэг буурах тухай мэдэгдэж, Европыг сонирхохгүй байгаа АНУ-ын ерөнхийлөгчийн талаар гомдолложээ. Тэрбээр мөн Балканы дайны шинэ эрсдлийн талаар ярьсан байв.
Еврокомиссийн тэргүүн Financial Times сонинд ярилцлага өгөхдөө хэд хэдэн том мэдэгдэл хийв. Тухуйлбал, тэр “Европ өнөөдөр өөрсдийгөө дэлхийн эзэн мэтээр бодож байна. Гэтэл цаашид тэд эдийн засгийн байр сууриа алдах эрсдэлтэй байгаа. Европ байр сууриа алдаж байна” гэдгийг сануулжээ.
ЕВРОПЫН ҮҮРЭГ СУЛАРЧ БАЙНА
"Би Европын ирээдүйн талаар байнга ойлгуулж, хэлэхийг оролддог. Өнөөдөр бид дэлхийн эзэн хэвээр байна гэж бодож байгаа ч эдийн засгийн хувьд улам бүр эзлэх жингээ алдаж байна. Хүн ам зүйн байдал ч муудаж байна. Зууны сүүлчээр дэлхийн 10 тэрбум хүний 4% нь европчууд байх болно. Одоо хагарал хийх цаг биш. Бид хамтдаа байх ёстой” гэж тэрбээр ярилцлагадаа хэлжээ.
ЕХ-НЫ БУТРАЛ, БАЛКАНЫ ДАЙН
FT сонины сэтгүүлч Лайонел Барбер тэмдэглэхдээ, “АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн айлчлал, ЕХ-ноос гарч байгаа Британийг АНУ-ын ерөнхийлөгчийн зүгээс дэмжсэн нь илт харагдаж байгаа. Энэ бүхэн Еврокомиссийн даргын уурыг хүргэж байна” гэжээ.
"Би түүнд (Пенст) бусад орнуудыг холбооноос гар гэж битгий түлх гэдгийг хэлсэн. Хэрэв Европын холбоо бутарвал та нар Балканы шинэ дайнтай учирна. Европын зовж зүдэрсэн хэсгийн цорын ганц боломж нь ирээдүйдээ итгэх итгэл. Хэрэв бид Босни ба Герцоговина, Серби, Македони, Албанийг зоргоор нь орхивол эдгээр орнууд болон бид дайнтай учирна" хэмээн тэрбээр ярьжээ.
"Трамп европчуудыг айлгаж, намайг Тусктай андуурдаг"
Жан-Клод Юнкер мөн “Эхлээд Америк гэсэн хандлагаараа Трамп европчуудыг айлгаж байна. Еврокомиссийн даргын хэлснээр, Трамп Европын тухай огт ойлголтгүй. Намайг хүртэл Дональд Тусктай (Европын зөвлөлийн дарга) андуурдаг” гэжээ. Түүний ярианаас харвал, Европын комиссийн даргын бухимдлыг Дональд Трамп багагүй хүргэсэн бололтой.
"Дайнаас хойших үеийн түүхэнд Америкийн ерөнхийлөгч анх удаа Европыг сонирхохгүй байгааг бид харж байна. Бидэнд түүнтэй уулзах тодорхой төлөвлөгөө байгаа. Гэтэл Трамп огт өөр чиг хандлагыг сонирхож байна” хэмээх өгүүлбэр ч түүний ярилцлагад байв.
"ГОРБАЧЕВ, КЭМЕРОН НАР БОЛ ЖИНХЭНЭ СҮЙТГЭГЧИД"
Юнкер ярихдаа, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны ЕХ-ноос гарах эсэх талаар явуулсан бүх нийтийн санал асуулгын үйлдлийг Зөвлөлтийг задалсан гэх Михаил Горбачевын бодлого, үйл ажиллагаатай харьцуулан авч үзжээ. Тэрбээр “Эвдлэн сүйтгэгчдийг хатуугаар шүүх болно” хэмээсэн байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР