“Ардын үгийг ажил болгоно”

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

“Ардын үгийг ажил болгоно”

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудад ажиллалаа.

Угтаа бол Ерөнхий сайд энэ сарын 21-нд Баян-Өлгий аймагт газардаж, аймгийн нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ Наурызын баярт оролцох төлөвлөгөөтэй байсан. Гэвч цас их хэмжээгээр орж байсан тул Ерөнхий сайд ажлаа нэг өдрөөр хойшлуулсан юм. Маргааш нь буюу гуравдугаар сарын 22-нд мөн л тус аймагт газардах гэсэн боловч цас бударч, манан ихтэй байсан тул ажлын төлөвлөгөө өөрчлөгдсөн билээ. Ингээд Ерөнхий сайдын сууж явсан онгоц Ховд аймагт газардаж, албан томилолт эхлэв.

Олон ястны өлгий Ховд хот уулсын дунд амар жимэр оршин сууна. Тус хотод 10 давхар орон сууцыг хэд хэдээр нь барьжээ. Гэвч барилга байгууламж, хөгжил дэвшлээ дагаад утааны асуудал тулгарч байгааг нутгийн удирдлагууд хэлж байлаа. Ерөнхий сайд хамгийн түрүүнд Баруун бүсийн оношилгооны төвөөр орж, түргэн тусламжийн авто машин гардууллаа. Мөн эмнэлгийн барилгын асуудлыг ч шийдэх тал дээр анхаарал хандуулна гэдгээ илэрхийлэв.

Үүний дараа иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонссон юм. Ховд аймгийн иргэд жимс, жимсгэнийг төрөлжүүлэх, цементийн үйлдвэр барих, эрүүл мэндийн хичээлийг боловсролын системд суулгах, эрчим хүчний хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг хөндөв. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг дэмжихгүй байгаагаа ч илэрхийлж байлаа. Энэ мэт тулгамдсан асуудлаа ний нуугүй дэлгэж бас хажуугаар нь хоржоонтой ганц нэг сэдэв ч хөндөгдөв. Тухайлбал, аймгийнхаа төлөө 20 гаруй жил зүтгэж хоёр, гурван машинаа элээсэн гэж өөрийгөө тодорхойлсон нэгэн иргэн Байгаль орчны газраас 4-5 угалзны зөвшөөрөл өг гэж “шантаачлав”. Мөн хотоос ирсэн дарга бүрийг загнаж, зандардаг гэх иргэн Чинбат ч энэ удаад ч дуугүй өнгөрсөнгүй.

Уулзалтын төгсгөлд тус аймгийн Засаг дарга Д.Галсандондог “За яах вэ. Ирсэн зочид буцна, та бүхэн энд үлдэнэ. Би та нарыг нэг сургахгүй бол болохоо байжээ” хэмээн аав нь хүүхдүүдээ загнаж байгаа аятай цөөн хэдэн үг хэлж хурлыг өндөрлүүлэв.

Засгийн газрын тэргүүн тус аймагт 64 мегаваттын хүчин чадалтай 260 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтэй Усан цахилгаан станцыг Эрдэнэбүрэн суманд барихаар шийдвэрлэлээ.

Мөн Ховд, Баян-Өлгий чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замыг барьж энэ онд багтаан ашиглалтад оруулахад Засгийн газраас анхаарал хандуулахаар болсон юм. Санхүүжилтийн асуудлыг Азийн хөгжлийн банк шийдэх аж.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын дараагийн маршрут бол Говь-Алтай аймаг байлаа. Тэрбээр тус аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр аймгийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглаарай хэмээн найман машины түлхүүр гардуулсан юм.

Үүний дараа нутгийн иргэдтэй уулзлаа. Алтайчуудын хувьд тулгамдаж буй нэлээд асуудал байгаа ч хамгийн түрүүнд ундны ус, хот хоорондох замыг шийдвэрлэх шаардлагатай гэж байсан юм. Тиймээс Тайширын усан цахилгаан станцаас аймгийн төв хүртэлх 46 км газарт ундны цэвэр усны ган хоолойг татахаар шийдвэрлэв. Энэхүү ажлын санхүүжилтийг Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хийх аж. Үүнээс гадна Говь-Алтай, Баянхонгор чиглэлийн 263 км замыг хатуу хучилттай болгож, энэ онд ашиглалтад оруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн гэдгийг дуулгасан билээ.

Биднийг очсон өдөр Говь-Алтайн нутаг дэвсгэр тэр чигтээ нойтон цасаар хучигдсан байсан ч орон нутгийн ашиглалт зохицуулалтын албаныхан ажлаа маш сайн хийсэн тухай жолооч нар хуучилсаар Баянхонгорыг зорьсон юм.

Баянхонгорт 20-25 см нойтон цас орж, аймгийн зарим хэсэгт интернет сүлжээ саатсан байв. Гэвч хаврын цагт цас орох нь шар тос орсонтой ижил гэж нутгийн иргэд ам сайтай байлаа. Ингээд Ерөнхий сайд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээр орж, таван ширхэг түргэн тусламжийн автомашин өглөө. Мөн Эрүүл мэндийн яамнаас хэт авиан оношилгооны аппарат, амьсгалын аппарат, унтуулгын аппарат өгснийг гардуулав.

Хөдөө орон нутагт тулгамддаг нийтлэг асуудал бол ажлын байрны хомсдол юм. Гэтэл Баянхонгор аймгийн иргэн бүр ажилгүйдлийн эсрэг тэмцэж байгаагийн нэг жишээ бол “Өлзий арвижих” тавилгын цех байлаа. Тус цех нь импортын тавилгаас дутахааргүй чанартай, хямд тавилга үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Одоогийн байдлаар тус цехийг 10 хүн ажиллуулдаг бөгөөд нэг хүнийг хамгийн багадаа 450 мянган төгрөгөөр цалинжуулдаг аж. Энэхүү цехийн үйл ажиллагаатай Засгийн газрын тэргүүн танилцсаны дараа “Ажилсаг” төвийг зорьсон юм. Тус төв нь одоогоор ашиглалтад ороогүй ч энэ жилдээ багтаад үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байсан юм. Төвийн барилгын ажлын санхүүжилт болох 540 сая төгрөгийг Улсын төсөвт суулгасан юм. Тус төв ашиглалтад орсноор 500 гаруй хүнийг ажлын байраар хангах аж. Тодруулбал, төвийн нэгдүгээр давхарт 20 төрлийн худалдаа үйлчилгээний павильон ажиллах бол, хоёрдугаар давхарт мэргэжлийн сургалт явуулах аж. Харин гуравдугаар давхарт үйлдвэрлэл үйлчилгээ, оёдол эсгүүрийн цехүүд байх аж.

“Ажилсаг” төвд байрлах үйлдвэр, үйлчилгээний газруудаас хөнгөлөлттэй түрээсийн төлбөр авах юм байна. Ингэснээр эдийн засгийн хямралтай үед жижиг дунд үйлдвэрт бага ч гэсэн дэмжлэг болно гэдгийг тус төвийн удирдлага тодотгон хэллээ.

Орсон аймаг бүртээ иргэдтэй уулзалт хийж явсан Засгийн газрын тэргүүн энэ удаад Баянхонгор аймгийн иргэдийг ч орхисонгүй. Тэрбээр тус аймагт БНСУ-ын Эксим банкны санхүүжилтээр Дулааны цахилгаан станц барих, аймгийн музейн барилгыг шинэчлэх талаар дуулгалаа. Харин аймгийн иргэд тэтгэврийн нас нэмэгдүүлэх асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Мөн гар аргаар алт олборлож буй асуудлыг шийдвэрлэхийг холбогдох сайд нараас хүссэн юм.

Засгийн газрын тэргүүний албан томилолт цааш үргэлжилж Өвөрхангай аймгийг очлоо. Замд нойтон цас ихтэй байсан тул 300 тонн өвсийг үнэ төлбөргүйгээр, 500 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй тус аймагт олгохоор шийдвэрлэсэн юм.

Мөн тэрбээр аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, найман ширхэг түргэн тусламжийн авто машин гардууллаа. Үүнээс гадна 4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 нэр төрлийн тоног төхөөрөмж олгосон юм.

Ингээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн иргэдтэй уулзаж “нэг ч төрийн албан хаагчийг ажлаас халахгүй. МАН-ын мөрийн хөтөлбөрт тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Гэвч жил бүр тэтгэвэр нэмэх боломж байхгүй. Улсын эдийн засаг үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал хүлээж авсан. Бид эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээ авч, шар гэрлийг унтраасан. Одоо нэн тэргүүнд эдийн засгаа сайжруулж, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна” хэмээн индэр дээрээс хэлсэн юм.

Харин орон нутгийн иргэдийн зүгээс махны үйлдвэр ашиглалтад оруулах, бэлчээрийн усалгаа хийх, бэлчээр ашигласны татвар авах, дулааны цахилгаан станцыг ирэх онд ашиглалтад оруулах зэрэг асуудлыг хөндөж байлаа. Мөн Өвөрхангай аймгийн өрхийн эмнэлгийн мэргэжилтэн Лхагвасүрэн “Ерөнхий эрдмийн сургуульд эрүүл мэндийн хичээл байгаагаас үүдэж хүүхдэд эрүүл мэндийн мэдлэг алга. Үүнээс үүдэж өсвөр насны охид ихээр хохирч байна. Охид жирэмсэлж байна, бэлгийн замын халдвар авч байна. Мөн дээр нь хувийн ариун цэврийг хэрхэн сахих талаар ямар ч мэдлэг, мэдээлэл алга” хэмээв.

Дээрх бүх асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа авч, ажиллахаа мэдэгдсэн юм. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайд 11 дэх аймагтаа ажилласан албан томилолт өндөрлөв.

Төгсгөлд нь дүгнэж хэлсэн үгэндээ “Засгийн газрын барьж байгаа гол бодлого бол ард иргэдтэйгээ уулзаж тэдний санал бодлыг сонсох. Ард иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссоноор тухайн орон нутагт тулгамдаж буй асуудлыг хамгийн зөв оновчтой тодорхойлоход дөхөм болдог. Тийм учраас манай Засгийн газрын сайд нар бүх аймагт хүрч ажиллаж байна. Миний бие ажил авснаас хойш 11 дэх аймагтаа ажиллалаа. Иргэдийн санаа бодлыг сонсоод явж байхад эдийн засгийн нөхцөл байдлаас болоод ахуй амьдрал хүнд байна гэдгийг уулзалт бүр дээр ярьж байна. Үүнийг сайжруулах үүднээс Засгийн газар бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажиллана гэдгээ ард иргэддээ хэллээ” хэмээсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж