Сара Полсон: Би Трампын дүрд тогломоор байна

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Сара Полсон: Би Трампын дүрд тогломоор байна

Жүжигчин Сара Полсон “Америкийн аймшигт түүх” (American Horror Story) телевизийн олон ангит киноны VII бүлэгт АНУ-ын -ерөнхийлөгч Дональд Трампын дүр бүтээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Киноны шинэ бүлэгт би Дональд Трампын дүр бүтээхийг хүсч байна. Яагаад болохгүй гэж. Хэрэв тийм зүйл болбол миний хувьд том сорилт байх болно” хэмээн “Hollywood Reporter”-т өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

“Америкийн аймшигт түүх” олон ангит киноны VII бүлэг өнгөрсөн жил болсон АНУ-ын сонгуулийн тухай өгүүлнэ гэж тус киноны продюсер, найруулагчдын төлөөлөл Райан Мерфи өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгджээ. Гэхдээ киноны гол дүр болох Дональд Трамп, Хиллари Клинтон нарын дүрд хэн тоглох нь одоогоор нууц хэвээр байна.

“Америкийн аймшигт түүх” телевизийн олон ангит кино нь 2011 оноос гарч эхэлсэн бөгөөд  тус кинонд Эван Пиерс, Дэнис О'Хэр, Жессика Лэнг, Кэти Бейтс нар болон бусад жүжигчин тогложээ. 

“Америкийн аймшигт түүх” нь 2012, 2016 онд “Алтан Бөмбөрцөг”, 2012, 2013, 2014 онд “Emmy” шагналыг тус тус хүртжээ.

ЭХ СУРВАЛЖ: HOLLYWOOD REPORTER

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж