Америкууд ДАШТ-д тэргүүлсэн ч амжилтдаа ханаагүй

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Америкууд ДАШТ-д тэргүүлсэн ч амжилтдаа ханаагүй

Усанд сэлэлтийн 14 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 14 хоногийн турш үргэлжилсний эцэст өндөрлөлөө. Нэг хэсэгтээ л дэлхий нийт усан спортын гайхамшгаар амьсгалж шилдэг тамирчдын ур чадварыг харсан, бахархсан, шүтсэн.

Хятадын Шанхайд болсон уг тэмцээн маш өндөр төвшинд зохион байгуулагдсаныг оролцогч орнууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрчээ. Зохион байгуулагчид ч үүнд гол анхаарлаа хандуулсан гэдгээ ДАШТ-ий хаалтын үеэр мэдэгдсэн байна. Хамгийн өндөр төсөвтэй тэмцээн болсон гэдгээрээ онцлогтой. Их хэмжээний зардал гаргасныхаа хэрээр хятадууд тамирчдаасаа тийм амжилт хүсч байсан. Тэгвэл үүнийг тамирчид нь 100 хувь биелүүллээ. Багаараа тэргүүлэх зорилт тавьсан ч тэмцээний сүүлийн хоёр өдөрт усан спортын тэргүүлэгч орон АНУ-д гүйцэгдсэнээр хоёрдугаар байр эзлэв. Гэхдээ авсан медалийнхаа тоогоор хятадууд илүү байлаа. Америкийн сэлэгчид тэмцээний сүүлийн өдрүүдэд нэр төрөө хамгаалснаар алтынхаа тоогоор тэргүүлсэн. Хэдий тийм ч “Сэм авгынхан” үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун бус байгаагаа Хятадын телевизэд өгсөн ярилцлагад дурдаж, олны дургүйцлийг төрүүлээд амжлаа. Тэдний ярьснаар бол алтаараа ч, авсан медалийнхаа тоогоор ч зохион байгуулагч орны өмнө гарах зорилго тавьсан аж. Харамсалтай нь, тэд тэмцээний эхний өдрөөс л Хятадын тамирчдын араас нь нэхсээр арайхийж түрүүлсэн. Америкийн үндэсний баатар Майкл Фелпс энэ удаагийн тэмцээнээс зургаан медаль хүртсэний хоёр нь л алт байв. Эрэгтэйчүүдийн 100 метр төдийгүй багийн буухиа уралдаанд алтан медаль хүртсэн юм. Өөрийнхөө амжилтад сэтгэл хангалуун бус байгаа тэрбээр Лондонгийн олимпийн усан замд уралдаад их спортоо орхихоо Шанхай хотод болсон ДАШТ-ий үеэр албан ёсоор мэдэгдсэн.

Харин зохион байгуулагч орны хувьд эцсийн мөчид тэргүүллээ алдсан ч гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байгаа юм. 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг 0.42 секундээр ахиулсан Хятадын залуу тамирчин Сун Ян “Бид үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл энэ бол манай улсын усан спортын түүхэнд байгаагүй өндөр амжилт. Хойшид үүнээс ч илүү өндөр амжилт үзүүлэх боломжтой гэдгийг энэ тэмцээн харууллаа. Ялангуяа усанд сэлэлтийн төрөлд амжилтаа ахиулах боломж байна. Бид өөрсдийн чадвараа дэлхийд харуулж чадлаа” хэмээн ярьжээ. Нэг ёсондоо АНУ, Хятадтай медалиараа халз тулалдсан юм.

Манай хойд хөршийн баг тэргүүлэгчдийн байр сууриа алдалгүй багийн дүнгээр гуравдугаар байр эзлэв. 13 дахь удаагийн ДАШТ-д амжилттай оролцож байсан Японы баг тамирчдын амжилт буурч ердөө л зургаан медаль хүртлээ.

Манай тамирчдын үзүүлсэн дээд амжилт нь 91 дүгээр байр юм. Тэд өөрсдийн оролцсон төрөлдөө хувийн амжилтаа ахиулснаар спортын мастерын болзол биелүүлсэн байна.

Эргэн сануулахад, энэ жилийн ДАШТ-д 181 орны 2220 тамирчин оролцож оролцогчдынхоо тоогоор дээд амжилт тогтоолоо. Хоёр жил тутамд зохион байгуулдаг усан спортын ДАШТ 2013 онд Испанийн Барселонад, 2015 оных ОХУ-ын Казаньд, 2017 оных нь Мексикийн Гуадалахара хотод болно.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж