Хотын түүх: Тарнийн сүмийн нууцаас

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Хотын түүх: Тарнийн сүмийн нууцаас

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД /2017.03.27/

Их хотын нүд гялбам шилэн барилгууд дунд зуу гаруй жилийн түүхтэй Чойжин ламын сүм музей байрладаг. Монголын сүүлчийн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү Г.Лувсанхайдав олноо Чойжин лам хэмээн танигдсан бөгөөд 1904-1908 онд энэхүү сүмийг өөрийнхөө нэрээр нэрлэн, байгуулсан түүхтэй. Сүсэгтэн олны дунд “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан Монголын бурхны шашны түүх, соёлын хосгүй үнэт өвийг нэг Чойжин ламын сүм музейг хотын түүхэн барилгуудын эхэнд онцоллоо.

Нийслэл хотын чимээ шуугианд нам гүмхэн орших Чойжин ламын сүм музей.

Уг сүм музейн хаалгаар алхах төдийд тэр их чимээ шуугиан амар амгаланд дарагдах шиг санагдана. Хэдий эргэн тойронд өндөр, өндөр шилэн барилга сүндэрлэсэн ч энэ өвөрмөц барилга орчин цагийн хүмүүст өөрийн түүхээ өгүүлэн оршино.


МОНГОЛЫН ТӨР, ШАШНЫГ ХАМГААЛАГЧ ЧОЙЖИН ЛАМ

Чойжин лам нь 1872 онд Төвөдийн Лхас хотын түшмэл, Далай ламын санхүүч Гончигцэрэнгийн тав дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр 1874 онд VIII Богд Жавзандамба хувилгаанаар тодорсон ахыгаа даган хоёрхон настайдаа Монгол орноо гэр бүлийн хамт залагдан ирсэн аж.

Чойжин ламыг Монголын бурхны шашныг хамгаалуулах зорилгоор 1883-1884 онд Хүрээний Хамба номун хан Балданчоймбол VIII Богд Жавзандамба хутагттай зөвшилцөн догшин сахиус оршоосон Чойжин болгохоор Төвөд орноос Сэтэв сахиусны өмнөөс буудаг гүдэнбэ ламыг урин ирүүлжээ.

Ийн Лувсанхайдавыг догшин сахиус оршоон буулгах эрдэм ухаанд сургаснаар Монгол Улсын төр, шашныг хар зүгийн хортон дайсан, тэрсүүд бүхнээс хамгаалагч монгол төрийн сахиусны гүдэнбэ ламтан болсон байна.

МУЗЕЙГ ИХ МӨСТЛӨГТЭЙ, ДОГШИН ГАЗАР БАЙГУУЛСНЫ УЧИР

Түүний анхны сүм өргөөг 1899-1901 онд “Занхан” сүм нэртэйгээр бүтээсэн боловч 1903 оны өвлийн сүүл сараар Их хүрээнд гарсан түймэрт өртөж, бүрмөсөн шатжээ. Хутагт Г.Лувсанхайдавын хоёр дахь сүмийг барихаар “Далхын дэнж” буюу одоогийн энэ газрыг тухайн үеийн тэргүүн газар шинжээч лам нараар шинжүүлэхэд “Хүрээний хамгийн их мөстлөгтэй, догшин газар учир сахиус оршоох тусгай зан үйлд нэн тохиромжтой” хэмээжээ.

Түүний эхний сүм шатсаны дараагаар шашин номын үйл ажиллагааг залгуулах сүм хэрэгтэй байсан учраас 1904 оноос хүрээний уран Омбо тэргүүтэй 300 гаруй урчууд сүмийг урлан бүтээсэн байна.

Хүндэтгэлийн хаалганы өмнө байсан чулуун дурсгал

Сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69230 лан, долоон цэн, найман пун мөнгө зарцуулсан бөгөөд эдгээр зардал мөнгөний ихэнхийг Жавзандамба хутагтын шавь нар гаргажээ. Сүмийн сүншиг, хөгжмийн зэмсэг, бурхдын зураг зэргийг монгол урчууд зарим бурхан тахил эдлэл хэрэглэлийг Бээжин, Долнуурын пүүст захиалан хийлгэсэн байна.

Уг сүмд 50 орчим хурлын лам, таван сүм, гурван жас буюу аж ахуйтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан тухай музейн тайлбарт дурдсан байдаг. Харин тус музейн 2016 онд эрхлэн гаргасан “Архивын баримтын эмхэтгэл”-ээс харахад тухайн үед “Сахиусын”, “Сүмийн” гэсэн хоёр л жастай байсан ажээ. Сүүлд 1923 онд эдгээр жасуудыг нэгтгэсэн гэдгийг тэмдэглэжээ.

Ийн 1930-аад оны эцэст олон сүм хийд шашин номын үйл ажиллагаагаа зогсоосны нэг нь Чойжин ламын сүм байсан бөгөөд 1937 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд сүмийг хаан битүүмжилж, лам нарыг нь тараасан байна.

Гэхдээ Чойжин ламын сүмийн барилга байгууламж бусад хийдүүдийн адил устаж, үгүй бололгүй үлдэж чадсан юм. Энэ тухай аман болон бичгийн баримт олон байдгаас дурдвал 1930 онд Оросын уран барималч Васильев Чойжин ламын сүмийг үзээд уран барилгын хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлсон байдаг ажээ.

ЧОЙЖИН ЛАМЫН МУЗЕЙ ЗУРГААН СҮМТЭЙ

Чойжин ламын сүм музей Ямпай буюу Халх хаалга, Махаранз сүм, Хүндэтгэлийн хаалга, Гол сүм буюу Өршөөлийг хөгжүүлэгч сүм, Занхан сүм, Зуу сүм, Ядам сүм, Өндөр сүм буюу Хотол чуулган тус амгалангийн сүм гэсэн зургаан сүм, таван хүндэтгэлийн хаалгатай.

Түүхэн эх сурвалж болох гэрэл зурагт тус музейн зүүн талд нь VIII Богд Жавзандамба, Лувсанхайдав хутагт нарын номын багш Хүрээний Хамба Номун хан Балданчоймболын шарилын сүм буюу гүдингийн сүм хэмээх уран нарийн хийцтэй, хоёр давхар сүм байсан бөгөөд музейн чанх хойно Авга дацан хэмээх салбар дацан байжээ.

Манжийн эрхшээлийн үед Монгол нутагт тавин таваас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад тухайн сүмд Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч ард түмний дунд “Чойжин ламын сүм” хэмээх нэрээрээ дуудагдсаар ирсэн байна.

Энэхүү сүмд догшин сахиус залж буулгахаас гадна өдөр тутмын жасаа хурлыг хурдаг байж. Мөн тухайн цаг үед Монголын томоохон сүм хийдүүд цам гардаг байсан бөгөөд уг сүмд 1916 онд Нийслэл хүрээний Дашчойнхорлон буюу Буян-Ерөөлт сүмийн дэгээр дэглэсэн цам гарч байжээ.

Эдгээр сүмүүдээс хамгийн түрүүнд Занхан сүмийг бүтээжээ. Занхан сүм нь Төвөдөөр “Догшидын орон” гэсэн утгатай бөгөөд хамгийн эхэнд баригдсан сүм учраас зарим түүхэн эх сурвалжид тус сүмийг “Занхан сүм” хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Энэ сүмд гүдэнбэ лам Лувсанхайдав хутагт шашны сахиусаа буулгадаг байжээ. Тиймээс энэ сүмд VIII Богд Жавзандамба хутагт болон ихэс дээдэс л орох эрхтэй байв. Занхан сүм нь бүхэлдээ шашны “Чойжин буух” зан үйлийн онцлог, догшин сахиусуудын сүр хүчийг илтгэх өвөрмөц зохиомжтой ажээ.

Сүмийн хойморт Монголын бусад бүх сүм хийдийн нэг адил шашин, төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтын сүр хүчийг илтгэсэн найман арслан, есөн луугаар чимэглэсэн сэлтийг залсан байна.

Тус музей Хүндэтгэлийн төв хаалгаар ихэс дээдэс зорчдог бол баруун, зүүн талын жижиг хаалгаар лам нар, эгэл ардууд орж гардаг байжээ. Хүндэтгэлийн хаалга нь “Элдэв муу ёр, ад зэтгэрийг хаах төгсгөлгүй жаргаланг нээх” бэлгэдэл утгатай бөгөөд хаалганы гол хэсэгт найман тахилаар чимэглэсэн илтгэл самбарт хөх номин дэвсгэр дээр соёмбо, төвөд, монгол үсгээр алтан өнгөөр “Хар зүгийн шулмасын аймгийн өмгийг дарагч их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн их орд харш” хэмээн бичсэн байдаг аж.

Хэдий 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд хөндөгдөөгүй үлдсэн гэдэг боловч архивын зурагт байгаа маш олон зүйл хөшөө, дурсгал өнөөдөр үгүй болжээ. Сүмийн хашаанд байрлах дөрвөн хүчтэн бэлгэдсэн баримал, сүмүүдийг тойрсон сан эрхэлдэг балин тахил, ахуйн хэрэгсэл хадгалдаг сууцууд өдөө байхгүй болсныг эрдэм шинжилгээний ажилтан М.Дарханчимэг онцлов.

“МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН ХОСГҮЙ ҮНЭТ” ЗЭРЭГЛЭЛД 77 ҮЗМЭР БАГТДАГ

Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт нийт 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйл хадгалагдаж буй. Эдгээрээс 75 дэсийн 77 ширхэг үзмэр нь “Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт” зэрэглэлд багтдаг ажээ. Үүнд Монголын Их хүрээний алдарт урлаач Пунцаг-Осорын урласан Жамсран бурхны цамын баг бий.

Энэхүү бүтээлийг XIX зууны урлаач Пунцаг-Осор цаасан шуумлын аргаар 6000 гаруй байгалийн цэвэр улаан шүрээр, хүний нүүрний булчингийн хөдөлгөөний дагуу шигтгэн бүтээсэн нь давтагдашгүй, соёлын өв болон хадгалагдан үлджээ. Уг цамын баг нь дангаараа ойролцоогоор 30 кг орчим жинтэй бөгөөд цамын өмсгөлтэйгөө нийлээд 70 орчим килограмм жинтэй ажээ.

Мөн цамын иж бүрэн өмсгөлөөс гадна Хүрээ, Чойр, Манзушир хийцийн 70 гаруй цамын баг хадгалагдаж байгаа ажээ. Тус музейн Өндөр сүмд Өндөр гэгээн Занабазар өөрийн мутраар урласан хосгүй үнэт бүтээлүүд болон түүний сургууль хийцийн бүтээлүүд хадгалагдаж байдаг бол Гол сүм буюу Өршөөлийг хөгжүүлэгч сүмд Жигжид, Очирваань, Гомбо, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба, Гонгор хэмээх арван хангал бурхдын шүтээн зураг хадгалагддаг тухай тайлбарлагч бүсгүй хэлсэн юм.

“Архивын баримтаас харахад манай музейгээс бусад музейдэд олон үзмэр данснаас дансанд шилжсэн байдаг. Тухайлбал Өндөр гэгээн Занабазарын Язгуурын таван бурхан, Дарь эхүүд тэргүүтэй бурхад Чойжин ламын сүм музейн Өндөр сүмд дэглээтэй буй он цаг тодорхойгүй сонирхолтой гэрэл зураг байдаг. Тухайн үед хамгийн найдвартай хадгалах, авч үлдэх газар нь энэ сүм байсан учраас уран нарийн хийцтэй бүтээлүүдийг энд төвлөрүүлж байсан бололтой” хэмээн тус музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Дарханчимэг тайлбарлалаа.

Монголын Их хүрээний алдарт урлаач Пунцаг-Осорын урласан Жамсран бурхны цамын баг

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ ТӨВИЙН ДУЛААНД ХОЛБОГДООГҮЙ

Тус музейн төвийн дулаан, төвлөрсөн шугамд огт холбогдоогүй ажээ. Өөрөөр хэлбэл энэ сүм музейд огт халаалт байхгүй. Мөн газрын гүндээ цэвдэгтэй учраас музейд жилийн дөрвөн улиралд гадна агаарын хэмээс хүйтэн байдаг талаар ажилтнууд нь хэлж байв.

Чойжин ламын сүм музей нь зориулалтын үзэсгэлэнгийн заал, танхимгүй ч сүмийнхээ үндсэн дэглэлийг түр хугацаанд өөрчлөн сэдэвчилсэн, түр үзэсгэлэн зохион байгуулж түүх соёлын дурсгалыг сурталчлан ажилладаг талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Дарханчимэг ярилаа.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж