УИХ-ын дарга М.Энхболд Японд айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга М.Энхболд Японд айлчилж байна

ӨЧИГДӨР /2017.03.27/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

  • Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ өчигдрөөс нээгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн яам, Дорнод аймгийн ЗДТГ, Авто тээврийн үндэсний төвийн удирдлагууд оролцжээ.


  • Хаврын морин уралдааныг хориглосон шүүхийн шийдвэрийг үл харгалзан “Дүнжингарав-2017” уралдаан зохион байгуулсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Энэ хавар Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Дорноговь аймагт болсон уралдааны үеэр 50 гаруй хүүхэд мориноос унаж, 10 гаруй нь хөнгөн, зургаан хүүхэд хүнд бэртэж нэг хүүхэд амиа алдсан байна. Энэ бүрт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа гэж үзсэн 80 гаруй төрийн бус байгууллага нэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Тэд шүүхийн шийдвэр биелүүлээгүй Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болжээ.


  • "Алтыг дэлхийн улс орнууд даатгалын болон нөөцийн сан хэлбэрээр ашигладаг. Мөн хүн амын гар дээр үнэт эдлэл хэлбэрээр их хэмжээний алт хадгалагдаж байна. 2016 оны гуравдугаар сарын байдлаар улс орнуудын Төв банкны нөөц болон Олон улсын валютын сангийн нөөцөд 31500 тонн алт байна" гэсэн судалгааг World Gold Council гаргаж, танилцуулав. 


  • УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо мордлоо. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нартай уулзана.


  • Иргэд автобусанд суухдаа төлбөр төлөөгүй бол Автотээврийн тухай хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгуулах эсвэл албадан ажил хийх торгуультай боллоо. Иймд дөрөвдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр зорчихдоо “U money” карт  ашиглан нийтийн тээврийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг албаныхан уриалав.


  • Нийслэлийн Байгаль орчны газраас шувуу сонирхогчид, гэрэл зураг сонирхогч залуустай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд ”Хун” нуурын орчмыг цэвэрлэжээ. 


  • БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баотоу хотод ахуйн хэрэглээний хий дэлбэрснээс болж орон сууцны барилга нурсан хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ. Дэлбэрэлтийн улмаас зургаан давхар байшингийн нэг орц тэр чигтээ нурж, таван хүн амиа алдав.


  • БНСУ-ын ерөнхийлөгчийн албанаас огцорсон Пак Гын Хэг баривчлан саатуулах хүсэлтийг Прокурорын газраас гаргасан нь олон улсын анхаарлыг татлаа. Түүнийг авлига, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, албан шахалт үзүүлсэн, төрийн нууц задруулсан зэрэг үндэслэлээр буруутгаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж