Монголын хөлбөмбөгийг Ханс Майкл Вайсс удирдана

Хуучирсан мэдээ: 2017.03.28-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгийг Ханс Майкл Вайсс удирдана

Монголын хөлбөмбөгийн түүхэнд өчигдөр /2017.03.27/ нэгэн шинэ хуудас нээгдлээ.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар уригдсан Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс энэ өдөр Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллах нэг жилийн хугацаатай гэрээ байгууллаа.

Дэлхий дээрх хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай Майкл Вайссыг гадаадын олон мэргэжилтнүүд дундаас  ур чадвар, Ази тивд ажилласан туршлага зэргийг харгалзан сонгожээ.

Ханс Майкл Вайсс 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, 2013 он гэхэд 127 хүртэл өсгөн, өндөр амжилт үзүүлсэн дасгалжуулагч юм.  Түүнчлэн Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бүринди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын 1-р лигийн багийн ахлах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай.

Герман мэргэжилтэн Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллах ба өчигдрөөс эхлэн шигшээ багийн дасгалжуулагчдын албанд олон улсад нэр хүндтэй дасгалжуулагч хүчин зүтгэж эхэллээ.

Ханс Майкл Вайсс ирэх долдугаар сард Тайланд улсад зохиогдох Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ багийг удирдан оролцож, анхны албан ёсны тэмцээндээ хүч үзнэ. Манай шигшээ тус тэмцээнд Тайланд, Индонез, Малайз гэсэн хүчирхэг улсын багуудтай 19, 21, 23-ны өдрүүдэд тоглох хуваарьтай байгаа.

Спорт холбоод хэрхэн менежмент хийж болдгийг, хөгжиж болдгийг, багийн спортоор монголчууд амжилт гаргах өөдрөг ирээдүй байгааг, үндэсний үйлдвэрлэгчдийн өндөр дэмжлэгийг авч болохыг харуулж буй Монголын хөлбөмбөгийн холбооны ажилд амжилт хүсье.

Монголын аль ч спортод гадны мэргэжилтэн, дасгалжуулагч, зөвлөх шаардлагатайг олон жил ярьж ирсэн. Удахгүй чөлөөт бөхийнхөн гаднаас нэгээр тогтохгүй дасгалжуулагч урьж ирүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Сагсан бөмбөг, жүдо бөхийн төрөлд мөн гадаад дасгалжуулагчид ажиллаж байсан. Сайн баг, шилдэг тамирчин, өндөр амжилтын төлөөх спортын чиг зорилгод орчин үеийн сургалт, дасгалжуулалт, шинжлэх ухаанч, шинэлэг хэлбэрийг эрэлхийлэх нь Монголын спортын салбарын зорилго байх ёстой. Үүний нэгэн том жишээ болж, үүд хаалгыг нь нээн өгч буй хөлбөмбөгийн спортын хөгжил шат ахих нь дамжиггүй.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж