“Яг түүн шиг 2”-ын 8 дахь нь М.Зоригт уу?

Хуучирсан мэдээ: 2017.03.27-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг 2”-ын 8 дахь нь М.Зоригт уу?

“Боловсрол суваг” телевизийн хамт олон “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улирлыг хийхээр энэ сарын 24-нд оролцогчдоо зарласан.

“Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улиралд Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, залуу дуучин А.Хишигдалай, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, “Эмоци” продакшны залуу жүжигчин Б.Ариунцэцэг, БНСУ-ын “Монтант” хамтлагийн гишүүн, С.Гантогоо, төгөлдөр хуурч Ами /С.Алимаа/, дуучин Б.Халиун нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх юм.

Харин тэдэнтэй өрсөлдөх найм дахь оролцогч болон шүүгчдийн бүрэлдэхүүнийг зохион байгуулагчдын зүгээс нууцалж байгаа билээ. Тиймээс цахим ертөнцөд найм дахь оролцогч хэн байх талаар янз бүрийн таамаглал дэвшүүлсээр байна.

“Боловсрол суваг” телевизийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа “Зурган дээр цааш хараад зогсож буй эрхэм бол “Яг түүн шиг” шоуны найм дахь оролцогч юм. Энэ эрхэм чухам хэн бэ?” хэмээн бичжээ. 

Зураг дээр зүүн гар талаас Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан, Их зохиолч Б. Ринченгийн ач Монголын тэргүүний палеонтлогич Р. Барсболдын хүү уран барималч, зураач Б. Дэнзэн, УИХ-ын гишүүн асан Бригадын Генерал Д. Энхбаатар нартай хамт зургаа авхуулсан энэ эрхмийг зарим нь Э.Бат-Үүл, шоуны шүүгч Г.Ганхүү, М.Зориг гэж таамаглажээ.

Нэр нь дурдагдаж буй хүмүүсээс “Яг түүн шиг 2” шоуны найм дахь оролцогч Улсын их хурлын гишүүн асан М.Зоригт байх магадлалтай юм.  

“Яг түүн шиг 2” шоуны эхний дугаар ирэх дөрөвдүгээр сарын 2-нд гарах бөгөөд энэ өдөр  шоуны найм дахь оролцогчийг мэдэх боломжтой юм.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж