Электрон детонаторын туршилтыг амжилттай гүйцэтгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Электрон детонаторын туршилтыг амжилттай гүйцэтгэлээ

-Монголд анх удаа электрон детонаторын туршилтыг амжилттай гүйцэтгэлээ-

Үйлдвэрлэлийн тэсэлгээний ажлын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хэрэгсэл болох электрон детонатор хэрэглэсэн тэсэлгээний анхны ажлыг Монгол улсад
амжилттай гүйцэтгэжээ. Энэ нь манай улсын тэсэлгээний салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан үйл явдал боллоо хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна. 2011 оны долдугаар сарын 22-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зэсийн хүдрийн ил уурхайд тэсэлгээний ажил хийгджээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, АНУ-ын Austin Powder LLC, Хятад улсын Chemical Indusrty Group, Өрөмдлөг, тэсэлгээний “Мера” ХХК-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран уг ажлыг гүйцэтгэсэн байна.

Энэхүү электрон детонаторыг ашиглах нь олон давуу талыг бий болгодог байна.

-Цооног ба эгнээ хоорондын хором удаашруулалтын хугацааг бусад системийн адил тогтоогдсон стандарт хэмжээгээр биш, дурын хугацааг сонгон тохируулах боломжтой болсноор чулуулгийн бутралтыг сайжруулах,

-Тэсэлгээний хэрэгслийн бүрэн бүтэн байдал, холболтын зөв бурууг цэнэглэлт эхлэхээс тэсэлгээ эхлүүлэх хүртэл бүхий л хугацаанд электрон багажны тусламжтайгаар хэлхээг хянаж, алдаа доголдлыг илрүүлэн тогтоосноор тэсэлгээний ажлын бааралтаас сэргийлэх,

-Радио долгион, соронзон орон, доргилт, дуу чимээ, цахилгаан гүйдэл, аянга цахилгаан гэх мэт гадны нөлөөллөөс тэсрэлт үүсэх аюулаас хамгаалах,

-Тэслэх чулуулгийн хөдөлгөөний чиглэлийг нарийвчлан тогтоож, тэсэлгээг дурын цэгээс эхлүүлснээр ашигт малтмалын бохирдлыг бууруулах,

-Тэсрэх бодисын зарцуулалтыг бүрэн хянаж, бүртгэх зэрэг дэвшилтэт давуу талуудтай юм байна.

Н.Ариунаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж