
Тангараг өргөсөн эмч нар тэр л сум суурингийнхнийг хамуутай, тэмбүүтэй гэсээр нэлээд хугацаа өнгөрсөн ч эдгэрдэггүй өвчний уршиг өнөөг хүртэл аюулын харанга дэлдсэн хэвээр байна. Монголын эмч нар 2007 оноос хойш ганцхан сумын хамуутай тэмцсээр ирсэн ч хүчирхсэнгүй. Хонгор сум. Нутгийн иргэдийн хордсон бухимдал, удирдлагуудынх нь хордоогүй гэх хамгаалалт үргэлжлэн үргэлжилсээр өдийг хүрлээ. Орчин үеийн анагаах ухааны хачирхалтай шинэчлэл хийгээд нөлөөллийн үйлчлэл гэж энэ. Гэхдээ энэ сумын хамуу хачигаас бус цианид натри, мөнгөн ус хэрэглэснээс үүдсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нүд үнэнч, чих худалч гээчийг ёстой л Хонгор очсон эрүүл сэтэхүйтэй хэн ч нотлодог бол нутгийн удирдлагууд асан Д.Хаянхярваа мэтийн нөхдүүд үнэндээ үгүйсгэдгийг ашиг сонирхолын төлөөх адармаатай тайлбар гэхээс өөр аргагүй. Одоо тэдний тэд өөрсдийгөө хамгаалахын тулд иргэд нь хэрхэн хордож буйг нуун дарагдуулсаныг гэрчлэх шинжээчдийн дүн ил гарчээ. 2009 оны зургадугаар сард хийсэн энэхүү шинжилгээний хариугаар тус сумын хөрс шороонд цианид илрээгүй ч мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 2,9-3,12 дахин их илэрчээ. Харин үүнийг одоо хэр нь нутгийн удирдлагууд нуун дарагдуулж хэвлэл мэдээллийнхэнд мөнгөн ус илрээгүй мэтээр ярьдаг. Нутгийн иргэд шинжилгээний дүнг тэдний гараас булааж авч байж л бодит үнэнийг мэдсэн байх юм. Өнөөг хүртэл бодит шинжилгээний дүнг энэ мэтээр нууцалсаар ирсэнийг Дарханы Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хийгээд түүний хамсаатнуудтай холбож ч болно. Өнгөрсөн зүйлийг эргээд нэг сөхөцгөөе л дөө.
2007 он.
Хонгор сумын Засаг дарга Б.Батнаран хятад иргэдэд найр тавин алт угаах байраар хангаж өгөв. Хонгор сум цианит натри, мөнгөн усаар хордсон асуудал эхэлснээс хойш бараг хагас жилийн хугацаа өнгөрсний дараа 2007 оны арваннэгдүгээр сард түүнийг хэрэгт буруутган яллагдагчаар татсан ч Эрүүгийн хуулийн 272 гээч заалт байхгүй болсноос тэрбээр ял завшин хэргээс мултарсан юм. Түүнчлэн хавтаст хэрэгт авсан лабораторийн шинжилгээний дүгнэлтээр уурын зуухны хойд талд буулгуулсан шорооноос хорт бодис илрээгүй байсан гэдэг ч шинжилгээний дүнгээр хорт бодис илэрсэн гэдэг нь баримтуудаар нотлогддог.
Анхны шинжилгээ
2007 оны дөрөвдүгээр сарын 25. Анхны шилжилгээг Дархан-уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас захиалан алт угааж байсан үйлдвэрийн хаягдал ус болон төвлөрсөн усны эх булгаас дээж аван Геологийн төв лабораторид шинжлүүлэв. Энэ үед үйлдвэрийн хаягдал уснаас 747,50 мл цианид натри илэрсэн бол төвлөрсөн усны эх булгаас 0,26 мл цианид натри илэрсэн нь аймшигтай дараа дараагийн үзэгдлүүд гарч эхлэхийг нотлох хангалттай илэрц байсан аж. Хордсон газрыг саармагжуулах ажилд оролцсон Онцгой байдлын алба хаагчид хордож Хордлого тайлах төвд хэвтэн эмчлүүлэв.
Хонгор сумаас авсан хоёр дахь шинжилгээ..?
2007 оны намар. Хонгор сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гантулгад улсын ахлах байцаагч Л.Даваадулам, Орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Д.Болормаа нар даруй арга хэмжээ авахыг анхааруулсан шинжилгээний хариуг хүргүүлжээ. Энэхүү шинжилгээг Хонгор сумын 14 дүгээр сургууль, төвийн болон гэр хорооллын орон сууцнаас шинжилгээ авсан байх юм. Харин шинжилгээний хариу гарахад сургуулийн мэдээлэл зүйн кабинетад мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1,36 дахин их байж. Мөн иргэн Ганхуягийн байшин доторх агаарт 0,009 мг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2,7 дахин их байгаа нь тогтоогдов.
2007 оны наймдугаар сарын 2.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа Эрүүл мэндийн сайд Д.Туяад албан бичиг хүргүүлэв.
… 2007 оны долоодугаар сарын 9-ны байдлаар /Энэ үед саармагжуулалтыг бүрэн хийж дууссан гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байв/ агаарт буй мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1,8-90,7 дахин их байгаа нь тогтоогдсон… гэдгийг дурджээ. Дээр нь сумын хүн амын дунд харшил, хордлого ихэсч, 83 хүний 67,4 хувь нь ходоод гэдэсний үрэвсэлтэй, харшил хордлогын гаралтай гүвдрүүт тууралттай гэсэн дүгнэлт гарсаныг танилцуулсан байна. Энэхүү албан бичигт тэмдэглэгдсэн ноцтой гэмээр бас нэгэн баримт нь 15 хүний шээсэнд хийсэн мөнгөн усны шинжилгээний хариу. Дурын 15 хүнийг энэхүү шинжилгээнд хамруулсан бөгөөд гурвынх нь шээсэнд мөнгөн ус илэрчээ. Намраас Хонгор сумын нутагт хээрийн болжмор үй олноороо хордон үхэж, үхсэн болжморыг идсэн муур, нохойнууд хачирхалтай байдлаар эзэн рүүгээ хүртэл дайрах болсон нь нутгийн иргэдийг нүүж эхлэхэд хүргэж байлаа. /Мөнгөний усны хордлогыг дэлхий нийтэд анх “Муур бүжиглэгч” өвчин гэж тодорхойлсон байдаг. Алт угаасан мөнгөн устай усыг далайд цутгаснаар үхсэн загас эрэгт шидэгдэх болж түүнийг нь идсэн муур, гэрийн тэжээмэл амьтад учир нь ойлгогдохгүй араншин гаргаж байсан гэж тэмдэглэгдсэн байдаг/
2008 он.
Төсвөөс мөнгө гарган эмчилгээ хийсэн ч хамууг үгүй хийх төлөвлөгөө үр дүнгээ өгсөнгүй. Энэ үед Хонгор суманд нүцгэн тугал төрж, жирэмсэн эхчүүд үр зулбах болж, гаж хөгжилтэй анхны хүүхэд төрсөн ч төд удалгүй өөд болжээ.
Сумын эмчийн хамуу гэж оношлож байсан Ч.Шаравхааны биеэр битүү улаан гүвдэр туурсаар байсан ч хамууны эсрэг эмчилгээ хийхээс татгалзсан хариу өгсөн гэдгийг гэрийнхэн нь одоог хүртэл гэрчилдэг. Хонгорын эмч нар Ч.Шаравхааныг сүрьеэтэй гэж оношлон хот руу явуулсан ч нарийн мэргэжлийн эмч нар сүрьеэгүй болохыг нь гурван удаагийн шинжилгээгээр нотолжээ. Эцэстээ Ч.Шаравхааны гэдсэнд хагалгаа хийх үед эрүүл эрхтэн олдоогүй, бүх эрхтэн нь идээлсэн байсныг гэрийнхэн нь тухайн үед мэдээлж байлаа. Түүгээр зогсохгүй гэдэс дотор нь битүү идээлсэн байхыг харсан эмч нар шулуун гэдэсний хорт хавдар гэж оношложээ.
Ийнхүү хоёр жилийг үзсэн хонгорчуудаас 52 нь хорвоог орхиж, бусад нь биеэрээ дүүрэн сорвитой, зарим нь өнөөг хүртэл яртай хэвээр үлджээ. Тэдний зарим нь жам ёсоор өөд болсон ч нөгөө хэсэг нь үл мэдэгдэх оноштойгоор явсаар хорвоог орхижээ.
2009 он.
Хонгор сумы иргэн н.Мөнхтогосын охин Зулаа хөлөө тайруулжээ. Өнгөрсөн оны долдугаар сард Зулаагийн хөлд цэврүү /Энэ нутгийн олон эрчүүдэд иймэрхүү цэврүү үсэрсэн ч хот орж эмчлүүлэх боломжгүй тэд амьдралаа залгуулахын тулд ажлаа хийсээр л байгаа гэнэ./ үсэрхийлэх болж. Дарханы Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар үүнийг үзээд өөхөн хавдар гэж оношлон хагалгаанд оруулжээ. Иймэрхүү байдал гурван удаа давтагдаж Зулаа тэр тоолонгоор хагалгаанд орсон гэнэ. Эцэстээ Зулаагийн мөнөөх цэврүү нь хөлийн хуруу руу нь халдварлаж. Халдварыг тараахгүй байх үүднээс эмч нар хөлийг нь шилбээр нь тайрсан байна. Үүний дараа харин өөхөн хавдар ясны хорт хавдар болон өөрчлөгдсөн юм. Харин Зулаагийн эмээгийнх нь нүүр, биеэр туурсан тууралтыг үзсэн эмч нар “зөнөгийн хамуу”, “зөнөглөлтийн маажуур” гэх тодорхойлолт хэлсэн байдаг…
Хонгор сумын төвд цианит натри ашиглан алт угааж, орчноо хордуулсан компани болох “МИЧ” компанид ажиллаж байсан З.Бэрдмуратын 4,2 килограмм төрсөн хүү төрөлхийн тагнай цоорхой төрсөн ч сумын эмч нар хүүхдийг хяналтандаа авахаас татгалзав. Хүүгийн ийм төрсөн шалтгааныг Дарханы төрөхийн эмч нар тайлбарлахдаа аав нь архи ууж, тамхи татсантай холбоотой гэсэн байдаг.
Түүнчлэн сумын сургуулийн дотуур байранд амьдардаг С.Смайлын хүү крантны ус ууснаас болж бие нь битүү туурч шархлан, гэдэс нь томорч хагалгаанд оржээ. Хагалгаанд оруулах болсон шалтгаан, хүүгийн бие юунаас болоод өвдсөнийг эмч нар хэлэхгүйгээр зогсохгүй ямар хагалгаа хийж байгаагаа ч хэлээгүй юм. Хүүгийн аав “Хонгорын ус хортой юм байна” гэж хэлснээс болоод долдугаар ангийн С.Смайл хүү болон гуравдугаар ангийн дүү охиныг нь сургуулиас хасчээ.
Хонгор суманд цианит натри ашиглан алт угаалгаж байсан сумын Засаг дарга н.Батнаран Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйл алга болсон гэх шалтгаанаар ял завшсан. Харин шүүх хурлаар алга болсон, эрэн сурвалжилж байгаа Жижгээ хочтой Шоо гэгч Хятад эрд Хонгорын Засаг дарга Ч.Чүлтэмбат зөвшөөрөл өгч дэрэвгэр, жиргэрүү гэгч өвс түүлгэж байв.
…Энэ мэтээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хонгорыг хордсон гэдгийг нотлох үй олон баримт, нотолгоо олдож, иргэд нь өнөөг хүртэл хордсоор байгаа ч Хонгор сумын Засаг дарга Ч.Чүлтэнбатаас эхлээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хордоогүй” гэж хээв нэг хариулсаар л байдаг. Тэрээр иргэдтэй уулзахаар Хонгорт очоод айлд орохдоо аяганд нь амаагүй хүргэхгүй цэрвэдэг гэдгийг нутгийн иргэд ярьдаг. Өөрийн нэрийг унагахгүй гэсэн түүнийг атгаг санааны хажууд бүтэн сумын иргэдийн эрүүл мэнд өчүүхэн төдий. Хонгорыг хордоогүй гэдэг Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн болж, Мэргэжлийн хяналтад байхдаа хордоогүй гэсэн шинжилгээний дүн гаргасан Ж.Сауле ХХААХҮ-ийн дэд сайд болж дэвшсэн бол Хордсон гэдгийг нь нотлож байсан мэргэжлийн шинжээч н.Пүрэвсүрэнг Мянганы сорилтын сангийн өндөр албан тушаалд тавин амыг нь тагласан. Харин хордсон гэдэг дүгнэлтийг гаргасан хүмүүсийг албан тушаалаас нь унагаасан төдийгүй элдэв асуудал дэлгэвэл гэж дарамталдаг болжээ. Гэвч энэ хавар 20 гаруй үсгүй, амьгүй тугал дахин нэмэгдлээ. Бурхан бий бол Хонгорт л лав байхгүй дэг ээ.