Обама гарын үсэг зурж, өрийн тухай хууль батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Обама гарын үсэг зурж, өрийн тухай хууль батлагдлаа

Хоёр намын тохиролцооны дараа Конгрессоор баталсан АНУ-ын өрийн таазыг өсгөх, санхүүгийн хямралаас сэргийлэх хуулийн төсөлд Ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт гарын үсэг зурж, уг хууль хүчин төгөлдөр боллоо. Хуулийн төслийг Сенатын танхимын 74 гишүүний саналаар баталжээ. Уг хуулийн төслийг баталснаар одоо байгаа 14,3 их наяд ам.долларын өрийн таазыг 2,4 их наяд ам.доллараар нэмэгдүүлж, ирэх арван жилийн хугацаанд дор хаяж 2,1 их наяд ам.долларыг хэмнэх боломжтой болно.

Бүгд Найрамдах нам, Ардчилсан нам болон Цагаан ордон тохиролцоонд хүрэх гэж нэлээдгүй цаг алдсаны дараа  хуулийн төслийг дефолт зарлах эцсийн хугацаанаас 10 цагийн өмнө баталжээ. Сенатын танхимаар хуулийн төслийг баталсны дараа ноён Обама Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Өрийн таазыг нэмэгдүүлснээр тодорхой бус байдал үүсч болзошгүй байгаа нь бизнес эрхлэгч, хэрэглэгчдийн санаа зовоосон асуудал болж байна. Гэхдээ өрийн дарамтыг бага ч болов зайлуулахад үүнээс ондоо гарц байхгүй. Мөн зөвхөн зардлыг хумиснаар алдагдлыг бууруулах боломжгүй тул цаашид өөр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гээд Конгресст хандаж ажлын байрыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн итгэлийг бий болгох замаар эдийн засгийг сайжруулах арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг онцолжээ.

Сенатын танхимын санал хураалтын үеэр хуулийн төслийг Ардчилсан намын зургаа, Бүгд Найрамдах намын 19 гишүүн эсэргүүцсэн санал өгч, үлдсэн 74 гишүүн дэмжсэн байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж